“Лондон-2012” наадмын талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Лондон-2012” наадмын талаар санал солилцлоо

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Шотландын бизнес төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж байна. Өнөөдөр тэдний төлөөлөл болох Монгол, Их Британийн худалдааны танхимын дарга Жон Гроган, Глазго хотын Их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Ян Томпсон нар МҮОХ-ны байранд зочилж “Лондон-2012” олимпийн наадам болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Ноён Жон Грагон Их Британийн парламентийн гишүүнээр 13 жилийн турш ажиллаж байсан туршлагатай улс төрч бөгөөд өдгөө хоёр орны бизнес, худалдааны хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэж буй нэгэн юм. Тус байгууллага ирэх олимпийн наадмын үеэр хоёр орны бизнес уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс хамтран ажиллах хүсэлтээ мөн тавилаа. Глазгогийн их сургуулийн профессор ноён Ян Томпсоны хувьд Монгол улсад айлчлал хийх хугацаандаа МУИС-тай хамтран ажиллах тухай ярилцсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд спортын чиглэлээр оюутан сургах боломжтойг ч дурдсан юм.

Дашрамд дурдахад Шотландын хамгийн том хот Глазго нь Лондоны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтыг зохион байгуулах бөгөөд 2014 оны “Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам”-ыг зохион байгуулахаар сонгогдсон спортын их уламжлалтай хот билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж