“Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулна”

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулна”

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах явцын талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн М.Ариунзаяатай ярилцлаа.

-Сүүлийн үед Газрын тосны тухай хуулийн талаар ихээхэн ярих боллоо. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан боловч буцаасан гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдон  дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хандсан боловч уг материалд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй,  хуулийн төслүүдтэй холбоотой эдийн засгийн тооцоо судалгааг нарийвчлан хийж, Сангийн сайдтай эцэслэн тохирч үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж, зөвшөөрөл авахаар ирүүлэх нь зүйтэй гэсэн шалтгаанаар хуулийн төслүүдийг буцаасан.

Тухайн үед Сангийн яам Эрдэс баялаг эрчим хүчний яам болон Газрын тосны газартай хамтран ажиллаж байсан бөгөөд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас 2011 оны 5 дугаар сарын 17-ны а/1829 тоотоор “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д санал авахаар ирүүлсэн албан бичигт 2011 оны 6 дугаар сарын 28-ны 8/2640 тоот албан бичгээр холбогдох саналыг хүргүүлж байсан боловч хуулийн төсөлд Сангийн  яамны ихэнх саналыг тусгаагүй байсан.

Ингээд дахин санал авахаар Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас 2011 оны 10 дугаар 18-ны а/3688 тоот албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан холбогдох санал, тооцооллыг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны 3-2/4696 тоот албан бичгээр дахин хүргүүлээд байна.  

-Яагаад танай яамны өгсөн саналыг хуулийн төсөлд тусгаагүй юм болоо?

-Түүнийг хэлж мэдэхгүй байна Эрдэс баялаг эрчим хүчний яамаас асуусан нь дээр болов уу. 1991 оноос өнөөг хүртэл газрын тос олборлох асуудал бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулагдаж байгаа бөгөөд 10 орчим жил татвараас чөлөөлөгдөж ирсэн. Олон улсын туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд орлогын албан татварыг ногдуулдаг. Иймд манай зүгээс  олон улсын жишигтэй нийцүүлэх татварыг тэгш шудрага ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого баримтлаж татвартай холбоотой саналуудыг хүргүүлсэн байсан.

-Газрын тос олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулагдаж байгаа татвараас чөлөөлж ирсэн гэж сая хэллээ. Энэ нь хуулиар ийм эрх олгосон байдаг юм уу?

-Газрын тосны тухай хуулийг 1991 онд “БНМАУ-ын Газрын тосны тухай” хууль нэртэйгээр батлан гаргаж,  1991 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор батласан байдаг юм.  

Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын хүрээнд 1993-1997 онуудад 2 компани 4 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж, хэрэгжүүлж ирсэн. Энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарим заалтууд сүүлийн жилүүдэд шинээр болон шинэчлэн батлагдсан хуулиудтай нийцэхгүй, зөрчилдөж,  төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн хооронд удаа дараа хүндрэл үүсч байсан юм.

Учир нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь Монгол Улсын олон улсын гэрээ, Тогтвортой байдлын гэрээ аль нь ч биш түүнийг тайлбарлах, заалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, нэг талаас Засгийн газар, төрийн байгууллага нөгөө талаас хувь хүн, хуулийн этгээд оролцсон гэрээ, хэлцлийг хэрхэн байгуулах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлсон хууль, эрх зүйн орчин  тодорхойгүй байгаа юм.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, журмаар зохицуулагдаж буй асуудал, төрийн байгууллагын эрх үүрэг, газрын тос хайх олборлох үйл ажиллагаанд тавих хяналт, Бүтээгдэхүүн хуваах гэрээг мөрдөх талаар хууль эрх зүйн орчинг бий болгох зэрэг харилцаа холбоог хуульд тусгаж боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэн удаа дараа холбогдох яам, газруудад мэдэгдэж хамтран ажиллах саналыг хүргүүлж, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг Сангийн яам ахалж байсан.

Гэвч тухай үед салбарын яам, газраас хуучин нэрээр /Үйлдвэр худалдааны яам, Ашигт малтмал газрын тосны газар/ үйлдвэрлэлтийн олборлолт эхлэх буюу үр ашигттай нээлт зарласны дараа Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь зохистой гэж үзэн хойшлуулж байсан.

Харин одоо энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад явж байгаа нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой юм. Одоо бид эхний ээлжид хуулиа батлуулж дараа нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Нэмж хэлэхэд энэ хуулийн төслийг боловсруулахад ОУВС ихээхэн тус болж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байх.

-ОУВС тус болж байгаа гэлээ юу гэсэн үг вэ, хамтарч ажиллаж байгаа хэрэг үү?

-Газрын тосны салбарын хөгжил, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү хуулийг олон улсын түвшинд нийцүүлэн шинэчлэн боловсруулах, өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд Монгол улсын авах үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдлаар өөрчлөлт оруулах, газрын тосны салбарт үр ашигтай татварын тогтолцоо бүрдүүлэх, Засгийн газарт ногдох үр ашгийг зохистой түвшинд шинэчлэн тогтоох зорилгоор газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдах татварын бодлогын асуудалд техник туслалцаа авах үүднээс Сангийн сайдын хүсэлтээр ОУВС-аас техник туслалцааны ажлын хэсгийнхэн ирж хамтран санал боловсруулж, газрын тосны сектор дахь үр ашигтай төсвийн дэглэмийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд ОУВС-ийн Төсвийн газраас ажлын хэсэг 2011 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 08-ны хооронд, мөн 2011 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 17-ны хооронд тус тус ирж ажилласан бөгөөд “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж, тодорхой санал зөвлөмж бэлтгэн, зөвшилцөх зарим асуудлууд дээр санамж бичгийн төсөл бэлтгэж өгсөн.

Энэхүү материалуудыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны газар болон Сангийн яамны Ил тод веб сайтад байрлуулж нийтэд танилцуулсан байгаа.

-Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд гол оруулж буй өөрчлөлт нэмэлтүүдийн талаар товчхон хэлвэл?  

-Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Бүтээгдэхүүн хуваах гэрээны загварыг Засгийн газраар батлуулах, татвар ногдуулах, байгаль орчин хамгаалах, орон нутгийн эрх мэдэл, ажиллагсад мөн цаашлаад олборлосон тосоо дотоодын Газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэх гэх мэт олон асуудлуудыг тусгасан байгаа.

-Одоо хэзээ энэ хуулийг Засгийн газраар хэлэлцүүлэх юм бэ?

-Манай яамны зүгээс хуулийн төсөлтэй холбоотой саналаа хүргүүлсэн байгаа.

Эрдэс баялаг эрчим хүчний яам л Засгийн газарт хүргүүлж хэлэлцүүлэх ёстой.  

Ж.Туяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж