Гэмт хэрэгтэн угтаа Шаалуу л юм. Тэр бидний бүтээж буй нийгмийн тасархай, харин түүний үйлдсэн хэрэг бол бидний нийгмийн нэгэн гаж шинжийн бодит илрэл. Тэр нэгэн цагт ээж, аавын хайртай хүү, охин; ах, эгчийн хайртай дүү нь байсан. Тэр бас "багшаа" гэж дуудах, “багш минь” гэж хүндэтгэх багштай; хайртай гэх ханьтай; “халамжилна, хамгаална” гэсэн засаг төр, нийгэм, эх оронтой байсан. Харин тэр одоо гэмт хэрэгтэн. Түүнийг бид нийгмийн хүү болгон авч чадсангүй. Эцэг эх, томчууд бид тэдэнд хайр, халамж, хараагаа бүрэн өгч лав чадсангүй. Багш нар нь тэднийг багшийн гэсэн сэтгэл, зүтгэлээр гэрэлт замд лав хөтөлж чадсангүй. Цагдаа тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсангүй, төр засаг тэднийг халамжлан хамгаалж, сайхан амьдруулж лав чадсангүй. Иймд аав, ээж, ах эгч, багш, найз нөхөд, цагдаа, төр засгийн “хүйтэн” хандлага, тэдний “чадсангүй” бүхнийх нь золиос болсон тэр Шалуу нь угтаа энэ гэмт хэрэгтэн. Гэмт хэрэгтэн ингэж Шаалуу болно.
Архичин бас л Шаалуу. Архи үгүй бол архичин үгүй юм. Архины үйлдвэр үгүй бол архи үгүй юм. Энэ бол энгийн логик, үндэслэл шүү дээ. Гэвч монголд эсрэгээрээ. Хоол, хүнсний үйлдвэрээсээ олон архины үйлдвэртэй. Хоол, хүнсний дэлгүүрээсээ цөөнгүй архи зардаг цэг, дэлгүүртэй. Архийг энэ нийгэмд хоол, хүнс, ундаа мэт үзэж буйг нотлох гэсэн шиг түүнийг хүнсний дэлгүүрт хоол, хүнстэйгээ хамт зарна. Бүр ингэж зарахаар төрөөс зохицуулж өгнө (Бидний дуурайж, хуулбарлаж ядаад байгаа европын стандартаар бол архи зардаг цэг нь хүнсний дэлгүүрээс ангид байдаг л даа. Архи гэдэг хоол, ундаа биш учраас тэр). Ингэж архийг хоол, ундаа мэт зохицуулж өгсөн энэ улсад архи уух гэдэг нэг ёсны энэ цагийн шинэ соёл болжээ. Архи уухгүй байх нь харин орчин цагийн соёл эзэмшээгүй мэт тооцогдох. Энд архиар золгоно, архиар ундаална, архиараа давалгаана, архиар хохирооно, архиар ядуу болгоно, архиар шоронжуулна, архиараа цааш нь илгээнэ. Энд нэг жилд нэг хүн дундажаар 40 литр архи ууна. Нийгмийн ийм архижуулах, архидуулах, архийг соёл болгох “хүйтэн” бодлогын золиос, мөн архидсан орчны бүтээл болсон нэг Шаалуу нь нийгмийн шинэлэг давхарга архичид. Архичид ингэж Шаалуу болно.
Ядуус мөн л Шаалуу. Ядуу үгүй бол баян үгүй л юм. Иймд баяны чин хүсэл нь ядууг бий болгох, бас түүнийг мөнхөд байлгах явдал. Гэвч бүгдээрээ л дундаж баян буюу дундаж ядуу байсан социализм нурахад ядуу ч, бас баян үгүй байв. Бүгдээрээ баян, бас бүгдээрээ ядуу байж үл болох тул баяныг бий болгож ядууг төрүүлэх нь амин чухал аж. Өмч хувьчлал, цэнхэр, ягаан тасалбар, алдарт 20 дугаар тогтоол, газар хувьчлал, за тэгээд ”2 толгой”-ноос хувьцаа олгох зэрэг олон мэргэн ухааныг “мэдээлэл, эрх мэдэлтэй нь хожино, эс тохиолдолд хоцорно” гэсэн аргаар хэрэгжүүлж, дүнд нь хүн амынх нь 40 орчим хувь нэн ядуу, 99 хувь өмчгүй болтлоо ядуурчээ. Ядуус ингэж өмчгүй болгох “хүйтэн” бодлогын золиос, плутократик орчны бүтээл нь болсон ээлжит нэгэн Шаалуу аж. Шаалуу гэмт хэрэгтэн, зэрлэг. Шаалуу архичин, арчаагүй. Шаалуу ядуу, гуйлангачин, залхуу. Ер нь, Шаалууг шударга шүүх хэрэгтэй юм байна. Харин яаж шүүх бэ? Гагцхүү шударга шүүх л хэрэгтэй, Энэ хүн чоно, бас чоно хүн Шаалууг.
Шаалуу чоно тул түүнийг хүний нийгмийн хуулиар шүүж үл болно, шударга бус. Шаалууг бас чононы хуулиар шүүж үл болно, учир нь тэр хүний хүйтэн сэтгэл, чонон орчны золиос болсон хүн шүү дээ, угтаа. Иймд ер нь Шаалууг ч бус, чоныг ч бус, харин хүний хүүг чоно болгон хувиргаж буй тэр орчинг, бас “тэр хүйтэн” бүхнийг шүүх нь магад илүү шударга ч юм уу. Чоно хүн, хүн чоно энэ Шаалууг ер нь яаж шударга шүүе дээ, байз.