Энэ талаар Ажлын байр, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дуламсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хувийн хөдөлмөр зуучлалын газрууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болсон байна. Санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?
-Төрийн сангаас бүх хөдөлмөр зуучлалын газруудыг санхүүжүүлэхээр болсон. Мөн гадны орны санхүүжилтээр дэмжигдэх боломжтой.
-Хөдөлмөр зуучлалын газарт ямар ажлын байрны эрэлт их байна вэ?
-Ер нь үйлчилгээний болон уул уурхайн салбарын ажилтан эрэлт ихтэй байдаг. Хөдөлмөрийн харилцаа нь ч идэвхтэй байдаг. Үйлчилгээний салбар бол өргөн хүрээний, олон хүмүүс харилцах боломжтойгоороо ажил олгогч, ажил хайгч нар идэвхтэй байна. Харин уул уурхайн салбар эрчимжиж байгаа энэ үед үйл ажиллагааны үндэс болсон боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Одоогийн байдлаар бидэнтэй 210-аад ажил олгогч компани хамтран ажиллаж байна. Гэхдээ мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчнийг эрэлхийлэх нь их байгаа юм.
-Иргэд өөрсдөө ажил хайх, Хөдөлмөр зуучлалын албанд хандах хоёрын ялгааг тодорхойлбол?
-Мэдээж ялгаа асар их. Хүссэн ажилдаа орохын тухайн анкет, ярилцлагыг зохих байдлаар бөглөж өгөхөд тустай юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн сонирхсон, ажлын байрны шаардлагыг хангаж чадах уу, үгүй юу гэдгийг зөв илэрхийлэх нь чухал. Түүнд зуучилж өгч байна гэсэн үг шүү дээ. Хөдөлмөр эрхлэлтийг хуулийн дагуу хохиролгүйгээр шийдэж өгч байна.
-Зуучлалын алба ажил хайгч иргэдийг бүртгэж, ажил олгогчтой холбохоос гадна өөр бусад ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Ажил олгогч болон ажил хайгчийг холбохдоо зөвхөн анкеийг нь бүртгэж аваад хүргүүлдэг юм биш. Тухайн ажил, мэргэжлийнх нь чиг баримжаа олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөө өгдөг. Мөн эдгээр бүх мэдээлэл болох ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалга, иргэдийн бүртгэлийг улсын нэгдсэн мэдээллийн санд явуулдаг.