Дорнод аймгийн хэмжээнд 686 малчин өрхийг ноосны урамшуулалд хамруулж, нийт 452 сая төгрөг олгожээ. Тус аймагт энэ тухай дүрэм журам харьцангуй хожуу, өөрөөр хэлбэл, өнгөрсөн долдугаар сарын 25-нд холбогдох хүмүүсийн гар дээр ирснээс энэ удаа нийт малчин өрхийн ердөө дөрөвний нэг хувь нь хамрагдсан байна. Уг нь 14 сумын 800 гаруй малчин “Мал хамгаалах сан”-д материалаа хүргүүлжээ. Гэтэл малын статик тоо зөрсөн, эсгийний үйлдвэрт тушаасанд өгөхгүй, падаан зөрүүтэй бичигдсэн гэх шалтгаанаар 200 шахам малчин энэ удаад ноосны урамшууллаа авч чадсангүй. Дорнод аймгийн хувьд нэг малчин өрх 150 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал гар дээрээ авчээ. Нэг кг ноосны зах зээлийн дундаж ханш 500-600 төгрөгийн үнэтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрүүд кг ноосыг малчдын гар дээрээс 2000 төгрөгөөр авсан нь төр засгаас малчдын талаар явуулж буй дээрх бодлого тэдний сэтгэлд ихэд нийцэж байна. Ирэх хавар тэмээний ноос, ноолуурын урамшуулалд малчдаа бүрэн хамруулах ажлыг аймгийн ХХААЖДҮГ-ынхан одооноос зохион байгуулж эхэлжээ.
А.Зул