
Мэргэжлийн снукерийн дэлхийн аварга цолыг хадгалж байгаа алдарт тамирчин Жон Хиггинсийг удахгүй болох Европын дөрвөн ч томоохон тэмцээнүүдэд хожигдож өгөхөөр тохиролцоо хийсэн гэх хэргийг Олон улсын снукерийн холбоо мөрдөн шалгаж эхэллээ. Энэхүү тохиролцооныхоо төлөө тэрээр менежерийнхээ хамтаар 260 мянган фунт буюу 400 мянган ам.долларын шагнал авах байсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Британийн сонингууд энэ тохиролцоог гэрчлэх дүрс бичлэг байгаа хэмээн мэдэгдсэн гэнэ. Ямар ч болов Олон улсын снукерийн холбоо энэ асуудал тун ноцтой хэмээн үзэж байна гэж холбооны удирдлагын нэгэн болох Барри Херн хэлж байна. Иймээс тус холбооноос явуулж байгаа мөрдөн шалгах ажил дуустал дэлхийн аваргыг ямар нэг тэмцээнд орохыг нь хориглоод байгаа юм. Харин Жон Хиггинс өөрөө энэ хэргийг бүрэн үгүйсгэж “ Би мэргэжлийн тамирчны хувиар 18 жил тоглохдоо тэмцээнд санаатайгаар хожигдох нь битгий хэл алдаж ч үзээгүй” гэсэн байна. Тэгвэл Британийн сониныхон түүнийг менежерийнхээ хамтаар Киев хотод болсон тэмцээн дээр ахмад тоглогч Стив Дэвист хожигдсон асуудлаар гэм буруутайг нь хангалттай нотлох баримт бий хэмээн хэлж байна. Жон Хиггинс нь дэлхийн аваргын титмийг гурван ч удаа хүртсэн, мэргэжлийн снукерийн тамирчдын дунд чансаагаараа байнга дээгүүр орж байдаг Шотланд гаралтай нэгэн билээ.
М.Наст
Эх сурвалж ВВС