Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Саусгоби сэндс” ХХК-ийн эсрэг шүүхэд гомдол гаргасан тухай дуулгав. Тус компани нь 48 хүнийг ажлаас нь халсан бөгөөд МҮЭХ-ноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ийм олон ажилтныг нэг дор ажлаас чөлөөлсөн нь хууль бус үйлдэл хэмээн үзэж, тус компанид шалгалт хийхээр очсон боловч шалгалтын комиссын гишүүдийн оруулахаас татгалзсан гэнэ. Тийм ч учраас “Өмнийн говийн элс” компанийн дээрх үйлдэл хууль зөрчсөн гэж үзэж буй гэлээ. Тодруулбал, Монгол Улсын Хүний эрхийн комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу буюу “Гомдолтой, холбогдолтой асуудлаар аль ч аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж, түүний хурал, зөвлөгөөнд оролцох, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах эрхтэй” гэснийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. МҮЭХ-ны зүгээс хэлэлцээрийн ширээнд сууж, шалтгаангүй ажлаас халсан шийдвэрээ тайлбарлахыг хүсч байгаа юм.
Ш.Чимэг