“Буудай халснаас үүдэн элеватор дэлбэрсэн”

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Буудай халснаас үүдэн элеватор дэлбэрсэн”

Дархан-Уул аймагт хийн баллон дэлбэрсэн хэрэг гарсан. Тодруулбал, Дархан сумын 12 дугаар багийн 14 дүгээр байрны долдугаар давхарт хийн баллон дэлбэрснээс болж гэр бүлийн гурван хүн гэмтсэн билээ. Тэд нийслэлд ирж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин дэлбэрэлт болсон 14 дүгээр байранд цууралт үүсэж, хүн амьдрах боломжгүй тухай тус байрны оршин суугчид хэлж буй аж. Түүнчлэн уг дэлбэрэлттэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг, Барилгын  техникийн хяналтын улсын байцаагч Д.Санжмятав, Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, ДБХГ-ын дарга Д.Жаргал нар хүрэлцэн ирсэн юм. Тэдний хэлснээр дэлбэрэлт болсон байранд хамгаалалтын бүс тогтоож, нурах аюулаас хамгаалан тулгуур хийсэн аж. Мөн “Одоогоор тэнд хүн амьдрах боломжгүй” гэсэн Улсын байцаагчийн дүгнэлт гарчээ. Харин тус байрны оршин суугчдыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас нийтийн байр гаргаж өгсөн байна. Гэвч оршин суугчид хамаатан садныдаа амьдарч байгаа аж. Осол болсны дараа аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат оршин суугчидтай уулзаж, санал бодлыг сонсжээ. Энэ үеэр оршин суугч Д.Хумбагай “Оршин суугчид их цочирдсон байгаа. Гэтэл дээрээс нь яаж айл хэсэж амьдрах вэ. “Байр түрээслэнэ” гэсэн зар олон бий. Оршин суугчдыг түрээсийн байранд оруулах төлбөрийг аймгаас гаргах талаас нь шийдвэрлэж тусална уу” хэмээсэн байна. Түүнчлэн албаны хүмүүсийн хэлж байгаагаар нурахаас хамгаалан байранд тулгуур хийсэн байгаа юм. Энэхүү дэлбэрэлт “Дашваанжил” ХХК болон оршин суугчийн  алиных нь буруутай үйлдлээс болсныг одоогоор тогтоогүй юм. Хийн баллон ашиглахыг хориглосон тухай хуульд зааснаар хоёр давхраас дээш амьдардаг оршин суугчид хийн баллон хэрэглэхийг хориглодог аж. Харин дэлбэрэлт болсон айл долоон давхарт амьдарч байсан юм. Оршин суугчдын төлөөлөл холбогдох албаны хүмүүсээс долоо хоногийн хугацаанд байрны асуудлыг шийдвэрлэхийг хүсчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан шалгалт хийхэд Б.Баттулгын гэр бүлийн хэрэглэж байсан баллоны жин хэвийн байв. Энэхүү дэлбэрэлтийг Шинжлэх ухаан, технологийн сургуулийн дэргэдэх хий шингэн түлшний лабораторийн эрдэмтэн, шинжээчид ажиллаж байгаа юм байна.

Хийн баллон дэлбэрч, орон сууц цуурсан асуудлыг шийдвэрлэж дуусаагүй байтал өчигдөр 12:40 цагт “Дархан гурил, тэжээл” ХК-ийн будаа агуулдаг элеваторт дэлбэрэлт болжээ. Энэ талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын албаны дарга Г.Ганбаатараас тодрууллаа.


-“Дархан гурил тэжээл”-ийн үйлдвэр юунаас болоод дэлбэрэлт болов?

-“Дархан гурил тэжээл” ХК-ийн буудай агуулдаг элеваторт дэлбэрэлт боллоо. Дэлбэрсэн шалтгаан нь хадгалж байсан буудай дотроосоо халснаас болсон юм.

-Хэчнээн хэмжээний хохирол учирсан бэ?

-Одоохондоо хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Ямар ч байсан элеваторын толгой дэлбэрч, ойр орчмын хашаа, зам эвдэрч, хэмхэрсэн.

-Хүн бэртэж гэмтсэн үү?

-Буудай агуулж байсан элеваторын ойролцоо ажиллаж байсан нэг ажилчин толгойдоо гэмтэж эмнэлэгт хүргүүлээд байна.

Түүнчлэн Шадар сайд М.Энхболд өчигдөр Дархан-Уул аймагт гарсан дэлбэрэлт, ослын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Дарханы гурил тэжээлийн үйлдвэрийн элеваторт дэлбэрэлт болсон байна. Тэнд 100 орчим тонн улаанбуудайг хадгалж байсан аж. Аймгийн мэргэжлийн хяналтын   байгаа юм байна. Дэлбэрэлт болох үеэр барилгын гадаа талбайд ачаа ачиж байсан хоёр хүн хөнгөн бэртэл авсан бөгөөд нэг нь толгойдоо шарх авч оёо тавиулжээ. Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан ажлын хэсэг ослын байдалтай газар дээр нь очиж танилцахаар өчигдөр /уржигдар/ үдээс өмнө явсан байна” гэв. Мөн  “Улсын онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд, галын шинжээчид газын баллон дэлбэрсэн газар дээр очиж ажилласан. Тэд барилгын хийц бүтээцээс шинжилгээний дээж авсан байгаа. Хариу нь хэрхэн гарахаас шалтгаалж барилгыг цаашид ашиглах эсэх болон хэрхэн засварлах талаар шийдвэрлэнэ. Мөн барилгыг засах зураг төслийн ажил хийж байгаа. Тухайн орон сууцанд амьдарч байсан 33 айлын 11 нь “Орон сууц өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн” хэмээлээ. 

Ж.Баттуул


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж