Лондонд төвтэй “Bon Vivant” төвийн мэргэжилтэн Эмыр Томас дэлхийн улс орнуудад 2012 онд нээлтээ хийх гол гэсэн зочид буудлуудыг нэрлэжээ.
Thompson Belgraves, Лондон
“Thompson Hotels”-ын сүлжээ Хойд Америкаас гадуурх анхны салбараа 2012 оны хоёрдугаар сард “The Harilela Group”-тэй хамтран Лондонд нээх гэж байна. Белгравия дүүрэгт байрлах энэ зочид буудал 85 өрөөтэй, 80 хүний багтаамжтай ресторантай, тансаг зэрэглэлийн тус рестораны ахлагч тогоочоор Марк Хикс ажиллах гэнэ.
Palacio Nazarenas, Куско, Перу
Palacio Nazarenas бол “Orient Express” группийн Перу дэх ээлжит хөрөнгө оруулалт гэж болно. Өмнө нь ордон, сүм байсан барилгыг шинэчлэн засварлаж, ирэх зургадугаар сард нээлтээ хийх ажээ. Бүх өрөө нь тансаг зэрэглэлийн энэ зочид буудал цэвэр, цэнгэг агаартай орчинд байрлаж буйгаараа онцлог. Бүхий л өрөө нь iPad-тай, Куско хотын соёлыг илтгэх өвөрмөц маягаар тохижуулсан гэнэ. Сонирхуулахад, Куско хот далайн төвшнөөс дээш 3300 гаруй метрийн өндөрт оршдог ажээ. Зочид буудлын гадна усан сантай, чулуун хана бүхий халуун рашаантай байх юм.
W Hotel, Парис
Гэгээн хайрын өдөр буюу Валентиний баярын өдөр /2012.02.14/ нээлтээ хийхээр төлөвлөөд буй Парис дахь “W” зочид буудал 91 өрөөтэй, мэдээж “W” брэндийн лаунж, бартай байх гэнэ. Парисын алдарт “Garnier Opera House”-аас ердөө хэдхэн метрийн зайд орших тус зочид буудалд тухалсан зочдод ‘shopping’ хийх таатай боломж бүрдүүлэх гэнэ.
Monastero Santa Rosa, Амальфийн эрэг
Далайн эрэг дээрх 17 дугаар зууны үеийн сүмийн барилгад нээгдэх тус зочид буудал нь тансаг зэрэглэлийн 21 өрөөтэй, халуун рашаантай бөгөөд 2012 оны тавдугаар сард нээлтээ хийх ажээ.
Palais Namaskar, Марракеш
Марракеш дэх Palais Namaskar зочид буудал ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ. Марракешийн олон улсын нисэх онгоцны буудлаас ердөө 30 минут яваад хүрэх тус зочид буудал нь дээд зэрэглэлийн 41 өрөөтэй, хоёр ресторан, бар, лаунж болон халуун рашаантай аж.
Bulgari Hotel, Лондон
Лондон дахь Bulgari Hotel ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөөд буй. Милан болон Балид зочид буудалтай тус брэнд энэ удаад Лондонгийн Knightsbridge орчмын тохилог газрыг сонгожээ. Тун ч загварлаг 85 өрөөтэй, мэдээж ресторан, бар, халуун рашаантай байх гэнэ.
SLS Hotel, Майами
2008 онд Лос-Анжелест SLS-ын анхны зочид буудал нээгдэж байсан бол энэ оны эхний хагаст хоёр дахь салбар нь Майамид үүд хаалгаа нээх гэж байна. Цаашлаад Нью-Йорк болон Лас Вегаст салбараа нээхээр төлөвлөөд байгаа аж. Барилгын дизайны тал дээр дуучин Ленни Кравитз хамтран ажиллажээ.
The Yamu, Пхукет
COMO Hotels and Resorts Тайландын Пхукетэд шинэ салбараа нээх гэж байна. Одоогоор 2012 оны есдүгээр сард нээхээр төлөвлөөд байгаа аж. Тус зочид буудал нь 129 өрөөтэй , 100 метр урт усан сан, йогийн танхим, ресторан болон хувийн наран шарлагын газартай байх гэнэ.