Архидалт, хог хаягдлын эсрэг тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Архидалт, хог хаягдлын эсрэг тэмцэнэ

“Нийслэлийн нутгийн зөвлөл” ТББ “Сайхан хотод сайхан амьдаръя” төслийг санаачлан төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд амьжиргааны төвшнөөс доогуур орлогтой, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийг зөв замд нь хөтлөн оруулах зорилготой ажлуудыг төлөвлөж байгаа юм байна. Уг төслийн нэгдүгээр үе шат болох нийслэлийн хэмжээнд “Нөхөн сэргээх-хөдөлмөр эрхлүүлэх төв”-ийн ажиллах загварыг боловсруулж байна. Ингэхдээ Монгол улсын төрийн байгууллагуудтай хамтарч, үндэсний хэмжээнд ядуурал, архидалт, ариун цэвэр ба хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх боломж бүрджээ. Энэхүү үйл хэрэг нь  Улсын их хурлын 2003 оны 11-р сарын 20-ны өдрийн Архидан согтуурлын улмаас хүн амын эрүүл мэнд, амь нас, нийгмийн амьдралд учирч байгаа хор уршиг, түүнтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолыг дэмжсэн бодит биелэл хэмээн тус төслийг хэрэгжүүлэх албаныхан тодорхойлж байна. 

 Уг төслийн хүрээнд 2012 оны 1 дүгээр сар 23-ны өдөр NBS телевиз, Улаабаатар FM101.7 радиогоор “Сайхан хотод сайхан амьдаръя”төслийг санаачлагчид болон Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Сэтгэц, наркологийн үндэсний төв, “Нийслэлийн нийтийн аж ахуйг сайжруулах төсөл”, Эрүүл мэндийн яамны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах төсөл”, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн хот тохижилтын газар зэрэг хэлтэс, агентлагуудын удирдлагууд болон Ногоон үйлдвэрлэлийн төлөөлөл болох "Улаан хэрэм" ХХК хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн хог түүж амьжиргаагаа залгуулагч иргэдийн төлөөллийг байлцуулсан юм. Ингээд уг хэлэлцүүлгийн үеэр дээр дурдсан дэмжин ажиллаж буй байгууллагууд дараах зөвшилцөлд  хүрсэн байна.

-Нийслэлийн халамж үйлчилгээний газар хог түүн амьдралаа залгуулж яваа хүмүүст нэрийн данс нээж, нийгмийн халамжийг төвлөрүүлэх тухай,

-Төсөлд оролцож амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй, хог хаягдал түүн, амьдардаг хүмүүсийг нийслэлийн хөдөлмөрийн газар албан ёсны хөдөлмөр эрхэлж буйд тооцох

-Нийслэлийн цагдаагийн газар боловсон хүчний оролцоогоор хамтарч ажиллах тухай

-Эрүүл мэндийн яам, Ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах төсөл боловсон хүчний оролцоогоор хамтарч ажиллах тухай

-Нийслэлийн хот тохижилтын газар оролцогсодыг ажиллах нөхцлөөр хангах

-Нийслэлийн нутгийн зөвлөл ТББ энэхүү цогц төслийг реалити хэлбэрээр телевизийн цэнгээнт цуврал хөтөлбөр болгон бэлтгэж, олон нийтэд хүргэх тухай тус тус байр сууриа илэрхийлжээ.

    Иймээс зөвшилцөлд үндэслэн ажлын загвар тодорхойлох төслийг талууд хэлэлцэн, өөр өөрийн оролцоог нарийвчлан загварчилж, хамтын ажиллагааг даруй эхлүүлэх төлөвтэй байна. Үүний тулд Нийслэлийн нутгийн зөвлөлөөс холбогдох эрх бүхий хүмүүст хамтын ажиллагааны загварыг хүргүүлсэн ба энэ нь тун удахгүй нэгтгэгдэн гарах юм байна.

    Үүний үр дүнд Нөхөн сэргээх төв үйл ажиллагаагаа явуулах байрны асуудал, тэнд ажиллах эмч мэргэжилтнүүд, харж хамгаалах цагдаа, сургах багш нарын баг тодорхой болох ажээ. Харин төв эмчилгээ үйлчилгээнд хамрагдан нийгэмшиж, ажил хөдөлмөр эрхлэх 500 хүртлэх хүний хоол хүнс, хувцас хэрэглэлийг нийлүүлэх боломж байгууллагуудад нээлттэй байгаа бөгөөд 9199-0539, 9916-3954 утсанд холбогдон сайн санааны үйлсэд нэгдэх боломжтой ажээ.

У.Болор

    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж