Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Автозасварын заводын байранд 29 айлын нийтийн байр шатсан байна. Нийтийн сууцны зориулалттай 10х45 метрийн хэмжээтэй байшингийн 12 айлын орон сууц, эд хогшлын хамт шатаж, гал дэлгэрсэн байсныг Аврах, гал унтраах ангиуд амжилттай унтраажээ.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 18-298 тоотод иргэн А-гийн 6х12 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин, эд хогшлын хамт, шатаж байсныг Аврах, гал унтраах 63, 34 дүгээр анги тус тус ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн 21 настай эмэгтэй нас барсан байжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18-07 тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн салаа ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт зургаан настай хүү болох Б, гурван настай охин А нар нас барсан байжээ. Энэхүү хэргүүдийг дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж эхлээд байна.
Эдгээр гал түймрийн зөрчилүүд нь цахилгааны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн иргэд галаа түлэхдээ болгоомжгүйгээс ил гал унагаах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээснээс үүдэлтэй гэнэ. Тиймээс ард иргэдийг сонор сэргэмж, алхам бүрт болгоомжтой байхыг анхааруулж байна.