Сангийн сайдыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Сангийн сайдыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцээд Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг гишүүдийн 67.9 хувь нь дэмжиж, баталлаа.
Ингэснээр ямар ч байсан Засгийн газар одоогоор есөн сайдтай болоод байна. Сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэх санал гаргаж, энэ нь гишүүдийн олонхийн санал хүлээсэн тул хамгийн тэргүүнд Сангийн сайдад нэр дэвшчигч УИХ-ын гишүүн Л.Хаянхярвааг “байцааж” улмаар баталсан нь энэ юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх эрхийг эдэлдэг тул ямар шалгуураар сайдад нэр дэвшигчийг сонгов гэдэг асуулт ч гүйцэтгэх засаглалын тэргүүнд хаяглагдсан гэж хэлж болно.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-Засгийн газраа байгуулах эрх нь Ерөнхий сайдын эрх. Энэ удаагийн УИХ-д оруулж ирсэн сайд нарын хувьд МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг нь санал болгоод байна гэсэн дүр зураг харагдаж байгаа. Жишээ нь Д.Хаянхярваа бүлгийнхээ хуралд өөрийнхөө нэрийг дэвшүүлээд, олонхийн санал аваад гараад ирэх жишээний. Түүнийг Ерөнхий сайд өөрийнхөө танхимд авахаар оруулж ирдэг. Энэ нь Засгийн газрын танхимыг бүрдүүлэх эрх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх байх юм уу, эсвэл олонхийг бүрдүүлж байгаа улстөрийн нам нь асуудлыг шийдэх юм уу. Улстөрийн нам шийднэ гэж байгаа бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах  учиртай. 2008 онд Засгийн газар бүрдүүлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг санал болгоход Ерөнхий сайд байсан С.Баяр хүлээж авахгүй өөр хүн санал болго гэж байсан. Гэтэл та намынхаа Удирдах зөвлөл, бүлгийнхээ шийдвэрт хөтлөгдөөд байна. Хоёрдугаарт, та болон танай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Манай нам шилдэг төрийн албаныхныг нэр дэвшүүллээ” гэсэн. Уг нь бид төрийн алба өөрөө өөрийгөө аваад явдаг, улстөрийн албанаас ангид явдаг байх ёстой гэж үзэж, хууль баталсан. Тийм байтал тэр төрийн албанд МАН-ын бэлтгэгдсэн боловсон хүчин байж байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийг танай яам яаж бэлтгээд байгаа юм бэ. Төр, улстөр гэдэг юмыг салгах юм уу, хөтлөлцүүлээд явуулаад байх уу.

Ерөнхий сайд С.Батболд:
Хэнийгээ ямар зарчмаар танхимдаа авах вэ гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Сонголтоо хийгээд шийдэж оруулж ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Хоёр дахь асуудлын тухайд Төрийн нарийн бичгийн дарга нар бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Төрийн албан хаагч улстөрд орж болохгүй гэсэн хууль байхгүй.
Төрийн албан хаагчдаас улстөрийн албанд шилжих нь хуулиараа нээлттэй. Төрийн албан хаагчын хувьд нөөцөд орно. Магадгүй төрийн албанд аль нэг намд хүчин зүтгэж байсан, гишүүн байсан хүн байгаа. Хуулиараа намаасаа түдгэлзсэн байгаа, түдгэлзсэн гишүүд улстөрийн албанд шилжихдээ намынхаа гишүүнчлэлийг сэргээдэг. Тэр дагуу явж байгаа, үүнийг мушгих хэрэггүй.

Мөн энэ асуудлын хүрээнд гишүүд УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилогдсон цагт юуг хамгийн тэргүүнд урагшлуулах вэ гэдгийг сонирхож байна. Харин нэр дэвшигч нь “Тавантолгойтой холбоотой төслийг урагшлуулах талд нэлээд сайн ажиллах шаардлага бий. Хөгжлийн банкийг жинхэнэ утгаар нь ажилд оруулах. Дэлхийн эдийн засаг хямралтай байгаа үед Монгол Улсын хувьд аль төслөө хамгийн тэргүүлж хэрэгжүүлэх нь дотоодын эдийн засгийн өсөлтийг хангах вэ гэдгийг зөв тооцох. Түүнийгээ дагуулаад экспортоо нэмэгдүүлэх талд анхаарах. Тэр дундаа Тавантолгойн ордоо түшиглэн Хятад улс руу экспортын бүтээгдэхүүнээ гаргахад анхаарах шаардлага бий” гэж хариулж байна.

Хэлэлцүүлгийн шатанд мөн УИХ-ын гишүүн З.Энхболд Дархан-Уул аймагт 800 орчим сая төгрөг завшсан хэрэг нэр дэвшигчийг Засаг дарга байх үед гарсныг сануулаад Сангийн сайдаас гадна дөрвөн сайд байхад яагаад заавал энэ алба руу зүтгэсэнд хариулт өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Улсын төсвийн мөнгийг хулгайд алдахгүй явах ямар арга зам байна вэ гэдэгт хариулт шаардав.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нь “Сүүлийн өдрүүдэд 800 сая төгрөгтэй холбоотой мэдээлэл нэлээд гарсан. Энэ асуудлыг З.Энхболд гишүүн хөндөж байгаа нь гарсан алдааг анхаарах ёстой гэж үзэж, сануулга өгч байна гэж ойлгож байгаа. Намайг Дархан-Уул аймгийн Засаг дарга байхад 314 сая төгрөгтэй холбоотой хэрэг гарч, энэ асуудлыг Авлигатай тэмцэх газараар шалгуул гэж үүрэг өгч байсан. Миний хувьд хариуцлагаас бултаад, надад хамаагүй гээгүй. Хэрэгт намайг холбогдолгүй болохыг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон” гэсэн хариу тайлбар хийсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан одоо завсарлаад байна. Хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилж, бусад дөрвөн сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Н.Хүрэлбаатар нарыг авч хэлэлцэн сайдаар томилно.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж