Иргэдийн гол хэрэгцээг хангагчид бол “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 8000 гаруй түрээслэгч. Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс “Нарантуул” захыг зорьж, талбай түрээслэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо. Тэдний гол хөндөж байгаа асуудал бол нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа явдал юм. Тэд яг л эзэнгүй аралд орхигдсон Робинзон Крузо шиг хүмүүс болсондоо эмзэглэж буйгаа хэлээд нийгмийн даатгалд яаралтай хамруулж өгөхийг хүслээ. Эс бөгөөс өндөр насны тэтгэвэр, тэтгэмжгүй болох гээд байгааг анхааруулав. “Хэдийгээр ар гэрээ тэжээж яваа ч социализмын үед байсан Худалдаа бэлтгэлийн яам, Худалдааны яам, Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хорооныхон шиг гол ачааг бид үүрч ирлээ” хэмээн түрээслэгчид хэлж байсан юм. Харин Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон нийгмийн даатгалын асуудлыг нь нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээ амлалаа. Худалдаа эрхлэгчид гааль, төлбөр гээд олон хэлбэрээр улсын санхүүд дэм болдогийг хүн бүхэн мэднэ. Тиймээс этүрээслэгчид эрх ашгаа хамгаалах үүднээс Үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулан ажиллаж байна. Тус хорооны дарга Б.Байгалмаа өнгөрөгч онд түрээслэгчдээсээ хүлээн авсан 1000 өргөдлийг С.Ганбаатарт өргөн барив. Өргөдлийг ойрын хугацаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүргэх гэнэ. Ийнхүү түрүүчээсээ тэтгэврийн насанд хүрч байгаа хүмүүсийн ирээдүй бүрхэг байна.
Я.Хулан
"Улс төрийн тойм" сонин