Мягмар гарагт Седа мужид бослого гарсан бөгөөд цагдаа нар үүнийг дарахаар байлдааны сум, нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан, мөн гал нээсэн байна. Үүнээс гадна шилтэй бензин цацаж, чулуу шидэж байсан аж. Бослого гаргагчид ихэнх нь төвд лам нар байжээ. Даваа гарагт Драгго гэх газарт мөн бослого гарсан бөгөөд аюулгүй албаныхны гарт хоёр хүн амь үрэгдсэн байна.
Үүнээс гадна 40 гаруй хүн шархадсан юм. Аюулгүй албаныхан жагсаалд уриалан зохион байгуулсан, тэргүүлсэн гэх 200 гаруй хүмүүсийг баривчилсан байна. Улмаар тэднийг хэргээ хүлээтэл нь ташуурын амт үзүүлэн, заримд нь хүчээр эрүү шүүлт тулгасан байна. Харин энэ тухай Хятадын эрх баригчид ихэд эгдүүцэж байгаа аж.
Тэд "Манай уугуул иргэд биш, салан тусгаарлагчид эмх замбараагүй байдал гаргах нь ихэслээ. Цагдаа нарын эсрэг ихээр тэмцэж байна" гэжээ. Жагсагчдын тоо 200 гаруй байгаагийн ихэнх нь төвд лам нар байсан бөгөөд дэлгүүр, үйлчилгээний байгууллага руу чулуу шидэн, цонхыг нь хагалснаар барахгүй цагдаагийн байрууд руу хүртэл ихээр халдсан байна.
Сүүлийн хэдэн сард Сичуан мужид эмх замбараагүй байдал ихээр гарах болсон бөгөөд үргэлж л лам нар бослого, үймээн самуун дэгдээсээр байна. Ойрын нэг жилд л гэхэд замбараагүй байдал тасраагүй аж. Үүнээс гадна төвд лам нар ээлж дараагаар зулын гол болж байгаа бөгөөд өнгөрсөн оны хоёрдугаар сард нэг лам, энэ сард гурван лам өөрсдийгөө шатаасан хэрэг гарсан юм.