Азийн залуус ба боломж

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Азийн залуус ба боломж

Дэлхийд залуусын тоогоороо тэргүүлдэг тив бол Ази. Амьдрал энд нэг л өөр.
 
Бямба гаригийн үдшийг Сингапурт Николь болон түүний найзууд хотын хамгийн үнэтэй орчин үеийн цэнгээний газарт бүдэг гэрэл, бүгчим халуунд бүжиглэн өнгөрүүлнэ. Хөгжмийн хэмнэл оргил цэгтээ хүрэх тэр агшинд сэтгэл нь хөдөлсөн 25 настай менежментийн зөвлөхийн ажилтай Николь өөрийн эрхгүй орчлонгоос тасарсан мэт бүжинэ.

Николь болон түүний найзуудын адил олон залуу өнөөдөр Ази тивд төрснөөрөө бахархаж яваа. Эдийн засаг,  нийгмийн хүнд үед хөлс хүчээ дуслуулж явсан өвөө эмээ, аав  ээжийнхээ үеийг бодвол XXI зууны Азийн залууст гарашгүй оргил, хүрэшгүй мөрөөдөл гэж үгүй болжээ. Хуучин  цагт санаанд ч саатаж үл зүрхлэм олон мөрөөдөл өнөөдөр бодитоор биелэх эсэх нь ямар ч аавын хүү, ээжийн охины хувьд заяа тавилан, угсаа гарал гэхээсээ илүүтэй сэтгэл зүтгэл мэдэх хэрэг болсон сайхан цаг.

“Дэлхий дээр хөгжлийн орон зай бага үлдсэн. Харин Азид бол бий. Өөдрөг үзэл, өсөх боломж энд байгаа. Хүмүүс том сэтгэж байна” хэмээн шөнийн цэнгээний газарт 1500 сингапур долларын такстай  (1183 ам.доллар) тансаг зэрэглэлийн ширээний ардаас Николь өөрийн бодлыг хуваалцан сууна.
 
Халаас түнтийсээр

Нэгдсэн үндэсний байгууллагаас (НҮБ)-аас гаргасан эдийн засгийн төлөв байдлын үнэлгээнээс авч үзэхэд ирэх жилд Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхэд тун ойрхон. Өр зээлэнд хүлэгдэж, өрөөл бусдыг төдийлэн анхаарах сөхөөгүй  яваа  Америк, Европынхныг азиуд эдийн засгийн өсөлтөөрөө ардаа хаян түрүүлж яваа юм.

Ази тивийн өнцөг булан бүрт хүмүүсийн амьдралын түвшин, ашиг орлого нэмэгдсээр. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан судалгаагаар 2009 оны байдлаар Ази тивийн цалингийн дундаж өсөлт найман хувьтай гарсан бол энэ үзүүлэлт хөгжингүй орнуудад ердөө л 0,6-хан  хувьтай байжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд залуусын ажилгүйдэл Азийн  ихэнх оронд 15 хувиас доош гарч байгаа аж. Харин Итали, Испани зэрэг Европын улсад  энэ тоо 30 хувиас давсан байдаг аж. Бусад тивийг бодвол Азийн  залууст  боломж  өндөр байгаа нь эдгээр үзүүлэлтээс тодорхой харагдаж байгаа юм. “Азид амьдрал цэцэглэж байна.

Өнгөрсөн 20-30 жилийг эргээд харвал хөгжлийн түвшний нэгдсэн үзүүлэлт дээшилсэн байгааг харж болох юм” хэмээн Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын ажилтан Марко Ронкарати хэлжээ. Идэр насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд анхаарлаа хандуулах  нь залуусынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч Ази тивийн хувьд чухал асуудал юм. НҮБ-аас  гаргасан судалгаагаар дэлхий дээрх 15-24 насны иргэдийн 62 хувь нь Ази тивд амьдардаг байна. Өөрөөр хэлбэл, манай гаригийн дээрх насны гурван хүн тутмын хоёр нь Азид аж төрдөг гэсэн үг юм. Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн коммиссын  2010 оны мэдээллээс үзвэл  Азид 745 сая залуу иргэн амьдардаг гэсэн нь  Ази тивийн 15-24 насны залуучууд хүн ам зүйн бүтцийн ихэнх хувийг эзэлдэг гэж үзэж болох нь. Тэр дундаа  Филлипин, Камбож, Лаос, Монгол нь хамгийн залуу  иргэдтэй улс бөгөөд залуусынх нь  дундаж нас  22 аж. Харин Их Британи улсад залуусын дундаж нас 40 юм байна.

Хүлээлт

Өндөр хөгжил, өргөн боломж ч өөрийн гэсэн асуудлуудыг дагуулдаг. Азийн залуус өнөөдөр боломжиндоо амтшиж,амьдралаас улам ихийг хүсэж, тэр чинээгээр олон асуудал тэдний өмнө хөндөлсөх болжээ.

Хонконгийн иргэн 26 настай Ноорин өөрийгөө азтай нэгэнд тооцдог. Учир нь, тэрбээр Их Британи улсад бакалаврын зэрэг хамгаалсан юм. “Миний  эцэг эх их сургуульд ч явж үзээгүй байхад би гадаадад боловсрол эзэмшиж чадсан” гэж бахархалтайгаар өгүүлнэ. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшсэнийхээ хүчинд ээж, аавынх нь үед мөрөөдөл байсан өсөн дэвжих боломж, илүү сайхан амьдралыг өөртөө бий болгох зэвсгийг эзэмшсэн хэрэг. Гэсэн хэдий ч Ноорины амьдралд биелэгдэх эсэх нь тодорхойгүй олон зорилго бий. Амьдралын өртөг улам бүр өндөрсөж буй нийгэмд тэрбээр наад зах нь өөрийн гэсэн орон байртай болж чадахгүй л явна. 30 нас хүрэхээсээ өмнө өрх тусгаарлаж  өөрийн гэсэн хувийн амьдрал зохиохыг хүсэж буй ч Хонконг амьдарлын өртөг өндөртэй тул хэдийгээр ажил төрөлтэй ч гэсэн ганц бие хүн орон сууцтай болно гэдэг амаргүй зорилт. Тийм болохоор мөнгөн хуримтлал үүсгэхэд хэцүү байдаг тухай хэлжээ.

Энэ мэт амьдралын тогтсон дүр зураг Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятад зэрэг Азийн өндөр хөгжилтэй бусад оронд ч ажиглагдаж байгаа юм. Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, худалдан авах чадвар өсөхийн зэрэгцээгээр ажлын байр, нөөц боломжийн төлөөх өрсөлдөөн ширүүссээр байгаа нь залуусын урам зоригийг мохоож, бууж өгөхөд хүргэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэдийгээр боловсролын түвшингээ дээшлүүлж, орлогоо нэмэгдүүлсэн ч гэлээ сая сая Ази залууд ахиж дэвших боломж улам бүр хязгаарлагдмал болж ирж байгаа юм. Ноорин “Энэ бол дэлхий нийтийн асуудал. Бүх л залуу амжилтад хүрэхийн төлөө өөдрөг тэмүүллийг өвөртлөн амьдардаг. Хөгжин дэвших орон зай үлдээгүй нийгэмд залуус цөхрөнги байдалд ордог” хэмээн бодлоо хуваалцсан тухай тэмдэглэжээ.

Ажилтай тэгээд ядуу

Азийн залууст тулгамдаж буй олон асуудлыг тодорхой харж болох орон бол Энэтхэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний олонхийн амьдрал амьдрал сайжирч буй хэдий ч баян, ядуугийн ялгаа улам гүнзгийрсэн хэвээр. Түүнийг дагаад хоорондоо эрс тэс ялгаатай хувь тавилан бий болж байна. Энэ улсад 30-аас доош насны 714 сая иргэн амьдардаг.
 
Бямба гаригийн үдэш 21 настай Мумбай хотын оршин суугч залуу Мухамедын хувьд зугаалж явах цаг биш аж. Түүний үе тэнгийн олон залуу архи дарсанд хөлчүүрч, шөнийн клубт бүжиглэн цэнгэж байх зуур Мухамед ойролцоох ресторануудад дугуйгаараа сүү зөөгөөд завгүй. Ахлах сургуулийн боловсрол эзэмшсэн тэрбээр энэ  ажлаа  сүүлийн хоёр жилийн турш хийж байгаа. Сарын 5000 рупины (102 ам.долларын) цалинтай аж. “Надад мөнгө хэрэгтэй учраас л би энд ажиллаж байна. Миний цалин амьдралын хаана ч хүрэлцдэггүй” хэмээн  тэрбээр хэлжээ.

(ОУХБ)-аас хийсэн судалгаагаар Зүүн Өмнөд Ази болон Хойд Африкийн бүс нутагт хамгийн олон  ажил эрхлэгч ядуус амьдардаг болохыг тогтоожээ. Тус байгууллагын  томьёолсон энэхүү нэршилд хөдөлмөр эрхэлдэг хэдий ч өрхийн хэрэглээ нь 1,25 ам.доллараас бага хүмүүсийг хамааруулдаг байна. Сүүлийн үеийн залуу иргэдийн дунд явуулсан судалгаанаас харахад, буурай хөгжилтэй орны ядуу залуус удаан хугацаанд ажилгүй суух ямар ч боломжгүй байдаг бөгөөд ямар ч хамаагүй ажил хийж, өл залгуулж өөрийгөө авч явах зайлшгүй шаардлага тэдний өмнө тулгардаг байна. Иймээс ч тэд нэг ажлын байранд  тогтвор суурьшилтай байх нь ховор. Иймэрхүү төрлийн сул ажил эрхлэлт ажилгүйдлийн түвшинг доош  чангааж мэдэх  ч залуусын дорой буурай амьдралыг дээшлүүлэхэд төдийлэн үүрэг гүйцэтгэхгүй л болов уу.

Дэлхий дээр ажил хайж байгаа эсвэл ажилгүй гэхээсээ илүү хөдөлмөр эрхлэгч ядуусын ангилалд багтах  маш олон залуу  шар өдөр бор хоногийг амь зогоон өнгөрүүлж байна.

Сэхүүн зангийн цөхрөл

Сингапурын шөнийн цэнгээний газарт эргээд очъё. Николь болон түүний найзуудын цэнгээн үргэлжилсээр. Хэдийгээр түүнд амжилтдаа бялууран амьдрах таалагдаж байгаа ч Азийг нөмөрсөн өөдрөг үзлийн эрчит давалгаанд халхлагдсан олон асуудлуудыг давж гарах итгэл үнэмшил, сэтгэл зүтгэлээ алдахгүйн тулд ямар алхмууд хийх хэрэгтэйг тэр сайн мэдэж байгаа.

Олон нийтийн бухимдалт байдлыг бид үзэхгүй яваа нь энэ улс орон эдийн засгийн хувьд өсөж байна гэсэн мэдээллийн халхавчилж, тогтоон барьж буй хүч юм. Хүмүүсийн цалин нэмэгдэлгүй тогтонги байдалд орж, амьдралд үл нийцсэн бодит бус тоо болон хувирвал олон нийтийн дургүйцэл гээч зүйл нүдэнд үзэгдэж чихэнд хоногших хэмжээнд хүрнэ.

Эцэст нь манай тивийн улс орнуудын Засгийн газар Азийн шинэ үеийнхний хүсэл тэмүүллийн зүг чигийг зөв тодорхойлж чадах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Эс чадваас дэлхий дээрх нэг тэрбум залуу иргэдийн дөрөвний гурвын гомдол цөхрөл далай мэт эх захгүй давалгаа мэт дийлдэшгүй байх нь мэдээж.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж