Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Унгарт хориг тавилаа

Европын холбооны гишүүдийн Сангийн сайд нар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөг сахиагүй гэж Унгарт хориг арга хэмжээ авахыг дэмжлээ. Ийнхүү Унгар холбооноос шийтгэл авч байгаа анхны орон болов.

Европын холбоо Унгарт торгууль ноогдуулахаас гадна 2013 оноос эхлэн санхүүгийн тусламж олгохгүй гэнэ. Сануулахад, холбооны гишүүн орнуудын төсвийн алдагдал нь гурван хувиас дээш гарч болохгүй. Еврокомисс өмнө нь Бельги, Кипр, Мальт, Польш ба Унгарт энэ талаар сануулга өгсөн юм. Холбооны удирдлага эдгээр орнуудаас дөрвөн улс нь төсвийн алдагдлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байгаа харин Унгар энэ талаар юу ч хийгээгүй гэж дүгнэв.

Ер нь бол Унгар сүүлийн үед эдийн засгаас гадна улс төрийн чиглэлээр ихээхэн шүүмжлэл сонсч байна. Энэ оны эхнээс тус улсад мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хууль нь Европын стандартад нийцээгүй аж. Шинэ хуулиар Төв банкны орлогч даргыг улс томилох болсон нь ЕХ-нд үл таалагдаж байгаа юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж