“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг нийтэллээ.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколыг 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан бөгөөд 1991 оны 7 дугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болжээ. 2011 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар уг Протоколд 73 улс нэгдэн орсон бөгөөд 3 улс гарын үсэг зураад байгаа ажээ.

Уг Протоколд нэгдэн орсон буюу түүнийг соёрхон баталсан аливаа улс үндсэн хоёр үүрэг хүлээх юм. Энэхүү Протоколд оролцогч улс өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй.
Мөн оролцогч улс бүр өөрийн шүүхийн харъяаллын хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авах юм байна.

Мөн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг нийтлэв. Уг хуулиар Монгол Улс, БНУУ хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд БНУУ-д ажиллаж байгаад эх орондоо ирсэн иргэд ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тооцуулан тэтгэврээ тогтоолгож болохоор болж байгаа юм.

Түүнчлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг мөн нийтлэв. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоригложээ.

Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03, 04 дүгээр дүгнэлтийн тухай, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэллээ.

Монгол төрийн галыг бадраах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Төр улс, түмэн олныхоо цог золбоо, хийморь лундааг бататгах, үндэсний уламжлалт ёс заншлаа эрхэмлэх үүднээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр өөрсдийн тулгын галаа бадрааж байхыг төрийн болон ТББ, ААН, айл өрх бүрт уриалжээ. Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай, Үндсэн хуулийн хичээл заах тухай, Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигуудыг нийтэллээ.

“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН, байгууллагад урамшуулал олгох журам”-уудыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Дээрх урамшуулалд хамрагдах хүрээ, шалгуур, урамшууллын хэлбэрийн талаарх бүхий л мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэл өгөх болно.

Түүнчлэн “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой.

Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

2012.01.27

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж