-Хонгор хордсон, хордоогүй гэсэн эсрэг тэсрэг мэдээлэл нийгэмд цацагдаад байна. Алинд нь итгэх вэ?
-Хонгор бол мөсөн уулын дөнгөж орой нь. Хонгорынх шиг ийм асуудал үүссэн орон нутаг олон байгаа гэж бодож байна. Гагцхүү мэдэгдэхгүй л байгаа болохоос биш. Хонгор бол мэдэгдэж, олны анхааралд өртсөн нь. 2007 онд энэ асуудал анх дэгдэхэд хордсон, хордоогүй гээд л шуугиж эхэлсэн. Эрх баригчид хордоогүй гээд, хараат бус судлаачид, ард түмний төлөө санаа тавьдаг улстөрчид, иргэний хөдөлгөөнийхөн болохоор иргэд хордсон гэж байсан.
-Энэ зөрүүтэй мэдээлэл одоо ч гэсэн хэвээрээ байна?
-Юуны өмнө цианит натри гэдэг ямар хор хөнөөлтэй бодис вэ гэдэг талаар хэдэн үг хэлье. Цианит натри болон цианит калийг цианидууд гэдэг. Шинжлэх ухааны нэршил нь энэ. Цианитүүдийг 1900 оны эхээр Францын эрдэмтэн нээсэн байдаг. Цианит натри, цианит кали байгаль дээрээ талст хэлбэрийн, цагаан өнгөтэй бодис. Түүнийг яаж ашиглаж байна гэхээр цианит натрийг уул уурхайд гидрометаллургийн аргаар ашигт малтмал олборлоход ашигладаг. Цианит натри нь өөртөө алт болон бусад металлыг шингээж уусгадаг шинж чанартай. Цианит яагаад хортой юм гэхээр цианаит натри, цианит калигаас синилийн хүчин гаргаж авдаг. Энэ хүчил нь цианат натри, цианит кали чийгтэй орчинд урвалд орсноор үүсдэг. Синилийн хүчил ууршихад түүний 0,001 граммыг л хүн амьсгалахад шууд үхнэ. Ийм хортой. Яагаад гэвэл цинелийн хүчил арьс, амьсгалын зам, хоол боловсруулах эрхтнээр дамжиж х үн бие организмд ордог. Биед оронгуутаа шууд эсийн хүчилтөрөгчийг бий болгодог цитхромтой нэгдэлд ороод түүнийг блоколдог. Тэгснээр тухайн эс нь өөрөө хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Шинжлэх ухааны үндэслэл нь энэ. Тэгэхээр энэ бол дэлхийн түүхэнд хүн төрөлхтний зохиосон хамгийн аюултай хор. Хүйтэн дайны үед ОХУ цианитын асар их нөөцтэй байсан. Энэ нь химийн зэвсгийн нэг төрөл. Цианитаар амьсгалахад төв мэдрэл, амьсгалын төв систем болон зүрх шууд зогсдог. Цианит натри нь өөрөө хоол боловсруулах замаар хүний биед орвол ходоодонд давсны хүчилтэй нэгдэлд ороод мөн л синилийн хүчил болно.
-Хонгор сумынхан цианит натрийн хордлого болсон юм уу. Үгүй юү. Энэ талаар эмч хүний хувьд ямар байр суурьтай байна?
-Цианитын хордлого хурц болон архаг гэж хоёр янз байдаг. Архаг хордлого нь цианит натритай олон удаа харьцахад үүсдэг. 1916 онд Францууд цианитыг анх химийн зэвсэг болгож дайнд ашигласан. Нацистууд хийн камерт энэ хийг ашиглаж байсан. Казахстан, ОХУ зэрэг зарим улсад одоо ч гэсэн уул уурхайн салбарт гидрометаллургийн аргаар алт, металл олборлоход өндөр стандартаар, өндөр хяналт дор ашиглаж байна. Казахстанд 2011 онд цианит натри ашигладаг уурхайд үйлдвэрлэлийн осол болсон. Үүнийгээ тэд экологийн кадастроф буюу экологийн гамшиг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Сибирьт мөн уулын баяжуулах үйлдвэрийн хортой бодисын далан задарч цианит натрид хүн, амьтан, байгаль хордсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад уул уурхайн хяналтгүй үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулж хатуухан үг хэлсэн байх. Үнэхээр бид цианит натрийн хордлогыг зөвхөн Хонгорын жишээн дээр ярьж байна. Гэтэл цаана нь Хонгортой адил олон сум, баг байгаа.
Хөрсөнд орохоороо цианит натри өөр нэгдэл үүсгэдэг. Тийм нэгддийн хоруу чанар нь ижил. Хөрсөнд доош хэр гүн нэвчиж орно, тэр хэрээр удаан хугацаанд хуримтлагдана. Тэр нь хонгорынхонд архаг хордлого үүсэх нөхцөл болж байна.
-Архаг хордлоготой хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Архаг хордлогын шинж гэвэл арьс хуурайшина, загатнана, идээт үрэвсэл үүснэ. Экзем гарна. Энэ бүхэн архаг хордлогын шинж. Хүний бие организмд теоцинат гэдэг бодис цусанд их хэмжээгэр хуримтлагдаж, энэ нь архаг хордлого үүсэх нөхцөл бүрдүүлнэ. Уг нь экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж, хөдөөгийн цэнгэг агаарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд Хонгорт хавдараар хүн нас барах магадлал бага. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бодитой шүү дээ. 2011 оны арванхоёрдугаар сарын 7, 8-нд л гэхэд Хонгорт хоёр хүн дараалаад хорт хавдраар нас барсан байна лээ. Жижигхэн суманд хорт хавдрын өвчлөл ийм өндөр байна.
-Танд энэ талаар илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл байна уу?
-Байгаль орчны асуудлаар байр сууриа илэрхийлдэг гишүүний хувьд надад Хонгороос олон хүн захиа, өргөдөл, гомдол ирүүлсэн. Сая дурдсан архаг хордлогын шинжүүд тэр гомдол бичсэн хүн болгонд байна лээ. Архаг хордлого байна гэдэг тухайн газар нутагт хордлогын эх үүсвэр байна гэсэн үг. Тэндэхийн цианит натрийн бохирдолд бүрэн нетрализаци хийгээгүй байна гэсэн үг. Цианидууд хөрсөнд шингэж өөр хэлбэртэй, өөр нэгдэл болоод байж байгаа. Гэхдээ хоруу чанар нь хэвээрээ байгаа гэсэн үг. Хөрсөнд шингэсэн цианит натри хэр доошоо нэвтэрсэн юм гэдгээс хоруу чанар, хор хөнөөл нь шалтгаална. Хөрсний олон өнгө, давхарга байдаг. Тэгэхээр судлаач хүний хувьд хордлогын голомт Хонгорт байгаа л гэж би харж байна. Бусад улс оронд ийм үйлдвэрлэлийн ослыг экологийн кадастроф гэж үзэж байхад манайхан болохоор юун сүртэй юм, хордоогүй л гээд байгаа. Оросууд л гэхэд Сибирьт уул уурхайн далан сэтэрч цианит натритай хаягдал ус алдагдахад иргэдээ шууд нүүлгэн шилжүүлж шуурхай арга хэмжээ авч байна шүү дээ.
-Тэгэхээр хордсон иргэддээ төрөөс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Цианитын архаг хордлого цаашид үр удамд нь нөлөөлөх нь тодорхой. Цианит натрийн хордлогыг шинжлэх ухаан одоо ч судалж байна. Төр юуны өмнө Хонгорын иргэдэд нөхөн төлбөр өгөх ёстой. Эмнэлгийн дүгнэлт гаргаж байгаад эмчилгээнийх нь зардлыг гаргаж өгөх ёстой. Хөдөө орон нутгийн эмч нар орон нутгийн засаг захиргаанаас шууд хамааралтай болохоор Хонгорынхныг хордлоготой гэж хэлж чадахгүй. Тиймээс хамуу гэх мэтээр яриад байгаа. Гэтэл бусад сумдад яагаад хамуу алга байгаа юм бэ. Энэ бол үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг. УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Засаг дарга байхад ийм юм болсон. Иргэдэд хамгийн хортой үйлдвэрлэлийг хүн ам шигүү суурьшсан сумын төвд яагаад явуулж байгаа юм бэ. Япон, Солонгост байсан бол Д.Хаянхярваа гишүүн болох бүү хэл тэр дороо огцорсон. Тиймээс Ерөнхийлөгийн тавьж байгаа шаардлага бол ёс зүйн шаардлага.
“Үндэсний шуудан” сонин