Зэсийн үнэ 12 мянга ам.доллар болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 12 мянга ам.доллар болох уу?

Зэсийн үнэ өсч байна. Монголын хөх чоно Азийн барын өмнөөс архирах цаг нэгэнт иржээ. Цагтаа харийнхан биднийг “Алтан дээр суусан гуйлгачид” хэмээн адалдаг байв. Гэвч тэднээр чихээ дөжиртөл хэлүүлсэн монголчуудын өмнө гадаадынхан өнөөдөр гуйл­гачин шиг сөхрөөд ирэх цаг боллоо. Газар доорх баялгаараа Австрали, Казахстаныг ч ардаа орхих хэм­жээний эрдэнэсийн их нөөц Монголд бий. Гэвч харамсалтай нь манай улс баялаг бүтээгч биш, баялгаа гадагшаа урсгагч. Эдийн засаг нь жилээс жилд маш хурдацтай өсөж, төрийн жолоо атгагчид нь түүнийгээ зохицуулж чадахгүй халалт үүс­гээд буй. За энэ ч яахав. Манай улсын экспортын бүтээгдэхүүнээс олсон ашиг өн­гөрсөн онд түүхэнд байгаагүй дээд амжилтаар нэ­мэгдсэн. Тухайлбал, 2011 оны эхний найман сарын байдлаар 2010 оны мөн үеэс 61.1 хувь буюу 1095.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан. Харин оны сүүлийн сарын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ес дахин өссөн тоо гарчээ. Гэвч энэ их мөнгөнд нөлөөлсөн гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн олборлолтоос орж ирсэн орлого. Тоо баримтыг нь дурьдвал нийт экспортын 39.9 хувийг чулуун нүүрс, 22.9 хувийг зэсийн баяжмал эзэлжээ. Эдгээр бүтээгдэхүүний нөлөөгөөр 2014 он гэхэд манай эдийн засаг 14.2-14.9 хувьд хүрэх өөдрөг төсөөлөлтэй байна. Эдийн засагчдын тооцоолж буйгаар ДНБ-ий өсөлт 2013 гэхэд 7203.8, 2014 онд 8229.7 тэрбум төгрөг хүртэл өсөх аж. Гэхдээ энэ өсөлтөд дэлхийд зэсийн нөөцөөрөө хоёрдугаарт орох Оюутолгойн олборлолт 2013 оноос эхлэх учир нөлөөлөх нь дамжиггүй. Оюутолгойн ордоос жилд 500-аад мянган тонн зэсийн баяжмал олборлох тооцоо гаргасан. Энэ ордын нөөц Эрдэнэтийн нөөцөөс 10 дахин их гэж байгаа. Харин ашиглах хугацаа дээд тал нь 50-100 жил. Эрдэнэтийн хувьд одоогоор хойд талын Эрдэнэтолгойн шинэ нөөц энэ жилээс эхэлж ороод буй. Гэвч Ашигт малтмалын газрын нэрээ нууцалсан нэгэн мэргэжилтний хэлснээр “Оюу­толгойн орд ашиглалтад орсноор Эрдэнэт бараг мартагдана. Тэнд одоо ердөө гуравхан сая тонн зэсийн нөөц бий” гэсэн. Гэхдээ энэ ордыг дахиад 30 жил ашиглах боломжтой гэнэ. Лондонгийн ме­таллын бирж дээр зэсийн үнэ шинэ он гарсаар тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Энэ сарын 3-нд 7628 ам.доллар байсан бол өчигдрийн байдлаар 8365 ам.доллар байлаа. Нэг үе бүр 6000 ам.доллар хүртэл унаж оны өмнөхөн өсөх хандлага ажиглагдсан улаан металлын үнийг судлаачид янз бүрээр тайлбарлаж байв. Гэвч Монгол Улсын хувьд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хэдий унасан ч 2011 оны төсөвт зэсийн үнийг 5983 ам.доллараар тогтоож энэ төрлийн медаллд алдагдал үүсээгүй.

Эдийн засагчдын хэлснээр “Зэсийн үнийн уналт юу ч биш. Харин Хятадын эдийн засгийн хатуу бодлого болон дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ийм өөрчлөлт хэсэг хугацаанд бий болсон” мэтээр тайлбарласан. Манай улсын хувьд Хятадын эдийн засгаас уяатай гэж болно. Учир нь том гүрнүүдийн макро эдийн засгийн түвшинд хэрэгжүүлж байгаа бодлого манай эдийн засагт шууд нөлөөлөхийг Сангийн яамныхан онцолж байв. Мөн энэ  тал дээр судалгаа сайн хийх хэрэгтэйг Сангийн сайд асан С.Баярцогт хэлж байсан удаатай. Манай улс зэсийн үнэ унахаас айх гол шалтгаан нь 2008 онд 3000 ам.доллар болтлоо буурсан үзэгдэл Сангийн яамныхныг сандаргаж байсан. Гэвч эдийн засгийн гэнэтийн сөрөг нөлөөллөөс гарах арга зам бидэнд ер алга. Харин зэсийн үнийн бууралтад санаа зовох цаг багасч байгаа аж. Учир нь дэлхийн зах зээл дээр энэ оноос эхэлж зэсийн үнэ 12 мянган ам.долларт хүрэх таатай мэдээ байна. Учир нь Хятадын зэсийн нөөц дуусч байгаа учраас эрэлт ихсэх хандлагатай гэнэ. Иймээс цаашдаа Монголын зэсийн баяжмал илүү үнэд орж, боловсруулсан зэс экспортолж эхэлбэл 2020 он гэхэд манай улсын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрэх боломжтой аж.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж