Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Тэргүүн шадар сайдын албыг Ерөнхий сайдтай зөвшилцүүлэхийн тулд хамтарсан гэрээний үндсэн дээр бий болгосон. Түүнээс хэн нэг хүнд юм уу, эсвэл Ардчилсан намын даргад зориулж бий болгосон мэтээр улстөрийн өнгөөр ярих учиргүй” гэж мэдэгдлээ. Мөн төрийн албыг цомхон болгоё гэж олон удаа ярьж байгаа. Харин цөөнхийн бүлгээс төрийн албыг 100 мянган хүний орон тоотой байхаар төсөл санаачлаад оруулаад ирэхэд олонхийн бүлэг дэмжих үү, дэмжихгүй ш дээ” гэдэг хариу тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Сонгууль дөхөж байгаа үед бүртгэлийн асуудал их ноцтой байдалд орчихоод байна. Ийм үед энэ асуудлыг хариуцах хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байх нь учир дутагдалтай. Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед би бүртгэлийн асуудлыг Ерөнхий сайдад хариуцуулж, алдаа гарсан нөхцөлд хариуцлагыг нь үүрүүлье гэж санал дэвшүүлсэн. Гэвч хуучин улсын бүртгэл Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж байсан учраас эргүүлээд хариуцуулахад буруудах зүйлгүй” гэж үзсэн. Тиймээс бүртгэлийн асуудлыг давхар Ерөнхий сайд анхаарч ажиллах ёстой. УИХ-ын дэргэд мөн энэхүү бүртгэлийг хариуцсан дэд хороо байгуулагдах ёстой” гэдгээ ч хэлээд авлаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хамтарсан Засгийн газрын үед төрийн албанд ажиллаж байсан хүмүүсийн тоо асар их нэмэгдсэн гэлээ. Тоон үзүүлэлт дурдвал төрийн албан хаагчид 160 мянгаар хязгаарлагддаг байсан бол одоо 220 мянгад хүрчээ. Энэ бол жилд төрийн алба дор хаяж 10-20 мянган хүнээр өсч байгаагийн үзүүлэлт гэнэ. Гэтэл зарим яамд хүчин чадал хэтэрхий дулимаг. Үүнд Гадаад харилцаа, Сангийн яам хамаарах аж. Тэгтэл зарим яамд нь хэрэггүй орон тоогоор дүүрчихсэн, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад хийж гийгүүлсэн ажилгүй суудаг. Энэ бүхнийг дотор нь дүн шинжилгээ хийж төрийн албыг цомхон болгох талд Засгийн газар асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагатай гэдэг асуудлыг ч хөндлөө.