Өнгөрсөн ням гаригт Финляндын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдугаар шатны сонгууль болж уламжлалын Үндэсний намуудын эвслийн төлөөлөгч, Сангийн сайд асан Саули Ниинисто ялав. Сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулга түүнд ялалт өгч хэдэн сарын өмнө тэрээр ялах нь тодорхой болчихоод байсан юм. Гэтэл ирэх сарын 5-ны хоёр дахь шатны сонгуульд хэн түүний өрсөлдөгч байх бол гэсэн сонирхолтой асуудал гарч ирэв. Сонирхолтой нь түүний өрсөлдөгчөөр 18,8 хувийн санал авсан “Ногоонтны холбооны” төлөөлөгч Пекка Хаависто тодров.
Ниинистогийн төлөө 37 хувь нь саналаа өгчээ. Евро бүсийн эдийн засгийн хямралаас болоод валютын холбоонд цаашид оролцох уу гэдэг асуудлаар тус оронд өргөн маргаан өрнөж байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын парламентын сонгуулиар энэхүү таагүй байдлыг далимдуулан “Жинхэнэ финнууд” намынхан 200 суудлаас 39 мандат авсан юм. Харин энэ удаа тэдний лидер Тимо Сойни дөнгөж 9,4 хувийн санал авчээ. Финнууд түүний популизмаас ядарч эхэлсэн ч түүнийг улс төрийн амьдралд бас хэрэгтэй гэж үзэв бололтой.
Хамгийн дуулиантай улстөрч гэгдэх төвийн баримжаатай Пааво Вяюрюнен 17,5 хувийн санал аван гуравт жагслаа. Тэднийг эс тооцвол бусад нэр дэвшигчид цөөн хувийн санал авчээ. Ингээд ирэх хоёрдугаар сарын 5-нд “Европын талдаа” байдаг хоёр улстөрч өрсөлдөхөөр боллоо. Финляндчууд 1990-ээд оны банкны сүйрлийн дараа эдийн засгийг өөд татсан, евро бүсэд интеграцлагдахад чухал үүрэгтэй байсан гээд Ниинистог илүүд үзэж байгаа бололтой.
Түүний өрсөлдөгч Хаависто нь Финляндын ногооны хөдөлгөөний ахмад зүтгэлтэнд тооцогдох бөгөөд 1987 онд парламентад сонгогдоод найман жил суужээ. Дараа нь дөрвөн жилийн турш Хүрээлэн буй орчны сайдаар ажиллаж байгаад 1999–2005 онуудад НҮБ-д ажилласан юм. Хамгийн сүүлд ЕХ-г Суданд төлөөлж байгаад 2007 онд Хельсинк хотоос парламентад сонгогджээ.
Хаависто дээд тушаалын төлөө өрсөлдөж байгаа анхны нээлттэй гомосексуаль болж байна. Тэрээр өөрийн хамтрагч Антонио Флорес гэх эквадор залуутай хамтран амьдардаг.
Одоо бол уламжлалт бус сексийн хандлагатай хүнээс дээд тушаалд сууж байгаа ганц хүн нь Исландын ерөнхий сайд лесби Йоханна Сигурдардоттир юм. Тэрээр 2009 онд ерөнхий сайд болонгуут ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлуулсныхаа дараа зохиолч эмэгтэй Йонина Леосдоттиртай гэр бүлээ болжээ.
Сонгуулийн кампаниар сексийн хандлагын асуудлыг нэр дэвшигч нар төдийлөн хурцатгасангүй. Скандинавын орнуудад сексийн цөөнхийг муу зуршил гэдэг учраас Хаависто дараагийн шатны сонгуульд ахмад настнууд ба залуусын дэмжлэг авахгүй хэмээн шинжээчид дүгнэж байна. YLE гэх нэвтрүүлгийн явуулсан санал асуулга энэ пүрэв гаригт нийтлэгдэхэд Ниинисто 64 хувийн, Хаависто 22 хувийн саналыг тус тус авахаар байгаа ажээ. Зургаан жилийн хугацаатай сонгогдох Финляндын ерөнхийлөгч нь эрх баригч гэхээсээ илүүтэй бэлгэдлийн үүрэгтэй.