МАН-ын дээр хөх тэнгэр л байдаг юм биш

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

МАН-ын дээр хөх тэнгэр л байдаг юм биш

Дээхнэ үед, бараг арваад жилийн цаана даа, Үндсэн хуулийн Цэцийн даргаар шинээр томилогдсон Ж.Бямбадорж гишүүн “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэж хэлээд онигоонд орж байсан юм. Ядаж нөгөө Үндсэн хууль нь байдаг юм байгаа биш дээ, угаасаа Үндсэн хуулийг хамгаалах гэж Цэцийг байгуулсан юм чинь. Харин мань эр Цэц гэдгийг өөрөөрөө төлөөлүүлж хэлсэн байж болох юм. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүх энэ тэрийг чинь тэр үед МАХН л удирддаг, залдаг байлаа. Харин одоо угаасаа Цэцийн дээр байсан МАН-ын дээр хөх тэнгэрээс өөр зүйлгүй болоод байна.

Өнгөрөгч даваа гаригт Ерөнхийлөгч Ерөнхий сайдын хүргүүлсэн сайдад нэр дэвшүүлэх саналд татгалзсан хариу өгсний дараа МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Камерийн өмнө шоу хийлээ, парламентын засаглалтай оронд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчдөө загнуулаад сууж байдаггүй юм” хэмээн хэвлэлээр загнасан билээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн саналыг сонсох гээгүй юм бол яах гэж түүнд саналаа хүргүүлсэн юм, яагаад ч хуулинд нь тэгээд заачихсан юм бүү мэд. Энэ яриа чиглэсэн эзнээсээ хальж, УИХ-ын чуулган дээр МАН-ын бүлгийн гишүүд хүртэл намын дарга руугаа үгний үзүүр чиглүүлсэн удаатай. Урвайж суугаад загнуулаад гараад ирдэг нь юу юм ч гэх шиг.

Ер нь МАН-аас нэр дэвшүүлсэн дөрвөн сайдаас /хоёрыг нь бол Ерөнхийлөгч болоод Ардчилсан намын бүлгээс аль хэдийн дэмжээд, УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байгаа л даа. Намын бүлгийнхэн нь л өөрсдөө “заавал зургууланг нь хамт хэлэлцэнэ” гэж чуулганыг бойкотлоод байснаас биш/ болж парламент жинхэнээсээ утгаа алдаж байна.

Уг нь бол УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүнээс давхар томилдгоо больё, Тэргүүн шадар сайдын албан тушаал ч гэсэн хамтарсан Засгийн газар тарсны дараа утгаа алдсан шүү дээ гэдэг шүүмжлэлд буруу зүйл огт байхгүй. Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй гээд УИХ дээр оруулж ирээд унагасан намын даргынх нь асуудал болохоос нэгэнт өнгөрсөн хойно Ерөнхийлөгч рүү жад, шийдэм бариад байх шаардлага ч үгүй. Ардчилсан намын бүлгийн хувьд ч гэсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд л асуудлыг тавьсан хэрэг. Хэрэвзээ “Танай сайд нар ч гэсэн УИХ-ын гишүүн байсан шүү дээ” гэж хойшоо харж малтаад байвал хэзээ, хэн нь энэ алдаагаа залруулах билээ. Ер нь ч тэгээд тухайн үед хамтарсан Засгийн газрыг байгуулах үед “Сайд нараа УИХ-ын гаднаас оруулж ир” гэх эрх нь МАХН-ын бүлэг, намын даргад нь байж л байсан шүү дээ. Одоо харин Ардчилсан намын бүлэгт ээлж нь ирсэн юм байгаа биз.

МАН-ын гишүүдийн ярьж байгаа ганц зүйл нь “Ерөнхийлөгч Ерөнхий сайдын эрх мэдэлд халдлаа. Манай нам олонхи учраас өөрсдөө шийдвэрээ гаргаад, хариуцлагаа үүрээд явах ёстой” гэнэ. Хэрвээ зарчим ярья гэж байгаа үүнтэй яг нэг түвшинд барьж явах ёстой бас нэг зарчим байна. Парламент дахь олонхи цөөнхийн харьцаа юун дээр тогтдог, яах гэж олон намын систем бүхий парламентын засаглалыг бид сонгосон билээ. Цөөнх нь олонхио хянаж, олонхи нь цөөнхөө хүндэтгэнэ гээд хуулиндаа заачихсан, үүнийгээ зүгшрүүлэх гэж хорин жил ярьж байгаа шүү дээ. Аль эсвэл би зүүдлээд байна уу. Харин одоо МАН-ын бүлгийн гишүүдийн ярьж байгаа зүйлийг сонсохоор эсрэгээрээ “цөөнх нь олонхио хүндэтгэж, олонхи нь цөөнхөө хянадаг” болчихсон ч юм уу. Ерөнхийлөгч Ерөнхий сайдын эрх мэдэлд халдлаа л гэнэ, Ардчилсан намын бүлэг улс төрийн шоу хийлээ л гэнэ.

Уг нь бол сайдад нэр дэвшигчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэх, саналаа хэлэх эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид, харин санал зөрөлдсөн асуудлаараа завсарлага авах эрхийг УИХ-ын дэгийн тухай хуулиар намын бүлгүүдэд олгочихсон юм шүү дээ. Хуулийн хүрээнд хийсэн үйлдэл болгон “хууль бус” болж харагддаг нь Монголын ёс уу, эсвэл МАН-ын ёс юм уу. Нэг л их “бид олонхи, бид мэднэ” гэж аархсан хүмүүс. Ер нь ч түүнийгээ мэдэж байсан л юм бол анхнаасаа ялагдсан намын нөхдүүдийг нааш цааш чангааж, “Засгийн газарт орооч” энэ тэр гэж гуйж гувшиж явах ямар учир байсан юм. Эхнээсээ тэгж эндүүрээгүй бол өнөөдөр ч гэсэн ийм эндүүрэл гарахгүй л байсан байх. Янз нь МАН-ын нөхдүүд Ардчилсан намтай гурван жил хагас хамтарсныхаа дараа “Ардчилсан нам бол Ардын намын тогооны хүн” гээд итгэчихсэн юм биш үү.

Гэвч цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй болохоор аз болоход энэ хоёр намд сонгуулиар олгогдсон өөр өөрсдийн үүрэг хариуцлагыг хүлээх үе бас ирдэг юм байна. Олонхи нь олонхи шиг байж, цөөнх нь цөөнх шиг ажиллах. Одоо МАН өмнөх шигээ цөөнхөө гоочлоод сууж байх биш, өөрсдийнх нь хэлдгээр ерэн жилийн түүхтэй, тэр хэмжээний боловсон хүчинтэй нам юм бол тэр зангаргаа харуулж, Засгийн газраа байгуулаад ажиллах цаг нь болсон. Ерөнхийлөгчийн зүгээс ч, УИХ дахь цөөнхийн зүгээс ч МАН-тай зарчим л ярьсан. Сайд нараа УИХ-ын гаднаас оруулаад ир, Тэргүүн шадар сайдынхаа албан тушаалыг татан буулга гэж. Үүн дээрээ МАН өөрөө л ажиллах ёстой шүү дээ. Үүнээс хэтрээд “нэг нэр дэвшигч чинь ёс суртахууны, нөгөө нь эрүүл мэндийн асуудалтай” гээд хүн нэг бүрчлэн яриад, хувь хүний асуудал руу ороод явчихвал улам л эвгүй сонсогдоно.

Ер нь ч тэгээд МАН-ын даргын хийсэн энэ удаагийн томилгоо, нэр дэвшүүлэлт ирэх сонгуульд тойроггүй үлдсэн зарим нэг нөхдийн хариулга, нэр дэвших бололцоотой гэж сонгогдсон заримынх нь сонгуулийн фонн л болчихоод байгаа. Ингэхэд МАН-ын дээр хөх тэнгэр л байдаг юм биш шүү дээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж