Д.Энхбат: МАН хөтөлбөргүй бол АН сөрөг хүчин болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Д.Энхбат: МАН хөтөлбөргүй бол АН сөрөг хүчин болохгүй

-Маргааш ИЗН-ын Их хурал ху­ралдаж МНН-ын гишүүд, таныг гишүүнээр нь элсэхээр болсон гэнэ. Энэ талаараа тайлбарлаач?

-Гуравдугаар сард болсон Монголын ногоон намын Их хуралд 352 төлөөлөгч оролцсон. ИЗН-аас 400 гаран төлөөлөгч, ер нь нийтдээ 800 гаран төлөөлөгч хуралдаж шийдвэрээ гаргасан. Гэтэл тэр шийдвэрийг нь Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй. Дээд шүүхийн энэ шийдвэрийг бид хууль бус гэж үзэж байгаа. Улсын дээд шүүх/УДШ/-ийн шийдвэрийг засахад манайд нэлээдгүй урт хугацаа шаардагдахаар байна. Өөрөөр хэлбэл, их түвэгтэй үйл явц болоод байна. Иймд бид улс төрийн болоод хуулийн асуудлыг салгахаар шийдсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, ИЗН-тай нэгдэх шийдвэрээ өөр аргаар хийж байгаа хэрэг. Нэгдэх тухай их хуралд МНН-аа төлөөлөн оролцсон 352 хүнээс өнөөдрийн байдлаар 300 гаруй нь ИЗН-д элсэн орж гишүүний батлахаа авчихаад байна. Эдгээр гишүүдийн 200 гаран нь маргаашийн их хуралд оролцоно. Гуравдугаар сард ИЗН-ыг төлөөлөн оролцож байсан 400 гаран хүнээс мөн 200 гаран нь оролцоно.

-Яагаад тэдээс тэд нь гээд байна. Эс­­­рэг бодолтой хүмүүс байгаа хэрэг үү?

-Үгүй ээ, өвлийн хүйтэн цаг гэд­гээс шалтгаалж хөдөө орон нутгийн маань төлөөлөгчдөөс зарим нь тэр бүр хотод ирж хуралд оролцох боломжгүй болсонтой л холбоотой. Ийм шалт­гаанаар гуравдугаар сард хийсэн их хурлаас арай цөөн хүн  оролцохоор болж байна.

-Өөр арга гэдэг нь хэр оновчтой арга бол, МНН гэдэг нэр нь сон­гуулийн саналын хуудсанд мөн л дээгүүр бичигдэх боломж шүү дээ. Жишээлбэл, үүнийгээ алдаж байгаа юм биш үү.

-Бид нар цөмөөрөө ИЗН-ын гишүүн болоод ИЗН-ын дотоодын асуудлыг энэ их хурлаараа шийднэ. Энэ дотоод асуудал гэдэгт ИЗН гэдэг нэрийг ИЗ-НН болгох, туг дарцаг, бэлгэ тэмдгийг өөрчлөх, мөрийн хөтөлбөр, дүрмийг өөрчлөх асуудал, мөн даргын асуудлыг ярина. Ерөнхийд нь өнгөрөгч оны гуравдугаар сард хамтаар гаргасан шийдвэрээ баталгаажуулаад л явна гэсэн үг.

-Гуравдугаар сард ярилцаж шийд­сэнээ баталгаажуулна гэ­хээр өнгөрөгч оны гурван сард та­ныг даргаар нь сонгож байсан юм чинь энэ хурлаар дарга бол­гоно гэсэн үг үү?

-Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэр үед хоёр нам нэгдэж байсан. Бид өнөөдөр улс төрийн зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэж болохгүй. Одоо зөвхөн ИЗН-ын Их хурал учраас өнөө­дөр хүчин төгөлдөр үйлчилж буй тус намын дүрмийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой болж байна. Энэ нь юу вэ гэхээр намын даргын сонгууль явна гэсэн үг. Ингэхээр ирэх Их хуралд оролцож буй 500 гаруй хүний хэн нь ч нэрээ дэвшүүлж болно.

-Та даргаар сонгогдохгүй бол яана?

– Хэн ч өрсөлдөх боломжтой. Гэвч миний хувьд үүнд эмзэглээд байх зүйл огтхон ч алга. Магадгүй энэ хурлаар нэг даргын тухай биш хоёр, гурван даргын орон тооны тухай ч ярьж болно. Тэгээд ч ер нь ИЗН нэг даргатай байсан бол МНН чинь хоёр даргатай байсан шүү дээ. Иймд хэдэн хүн удирдаж явахыг Их хурал дээрээ шийдэх байх.

-МНН гэх нэрээ УДШ-ийн шийд­вэрээр алдсан талаар хуульчдын баг ажиллаж байгаа гэсэн байх аа. Хууль эрх зүйн хувьд тодорхой үр дүнд хүрч байна уу?

-Гол нь О.Маам тэргүүтэй хүмүүсийн хуралдаж гаргасан шийдвэр үнэхээр МНН-ын шийдвэр мөн үү гэдгийг харах хэрэгтэй. Тэрэн дээр нь заргалдаж байгаа. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон их хурлаар МНН нь ИЗН-д нэгдсэн. Гэтэл УДШ үлдсэн гэх цөөн хүнийг МНН болсон тухай зарлачихсан. УДШ нь улс төрийн намын дотоод асуудал болох олонх цөөнхийн талаар, тэр тусмаа албан ёсны хүчин төгөлдөр тамга тэмдэггүй хүсэлтийг хүлээн авах ч хууль байхгүй. Монгол Улсын улс төрийн намуудын тухай хуулинд олонхи цөөнхийн асуудалд шүүх аливаа хэлбэрээр оролхгүй гээд заачихаж. Санаж байгаа бол АН-ынхан дотроо маргалдаад нэг дүүрэгт хоёр намын хороотой болчихоод байхад нь шүүх оролцож нөлөөлөөгүй биз дээ. Бид ИЗНН-ыг байгуулсан ч Дээд шүүхээс Ногоон намыг бүртгэсэн явдлыг шударгаар шийдвэрлүүлэх бүх алхмыг хийнэ. Дээд шүүхэд болон Ерөнхийлөгчид хандсан. Шат дараатай явна.

-Хамтарсан засгийн газар тарж, шинэ засаг байгуулагдах гээд ча­дах­гүй байна. Энэ талаар чуул­ганы хуралдаан дээр та чинь “Хамтарсан засгийн гэрээ цуц­лагдаж байгаа юм уу, зургаан сайд л хувьдаа огцрох өргөдлөө өгч байгаа юм уу” хэмээн асууж байсан. Асуухад учир бий гэдэг байх аа. Энэ талаараа тайл­барлаач?

-Өнөөдөр С.Батболдын толгойлж буй засаг МАН-ын дэвшүүлж буй хөтөлбөрөөр ажиллаж байгаа юм уу, МАН болоод АН-ын хамтарсан гэрээгээр ажиллаж байгаа юм уу гэдэг нь чухал. Үүнээс хоёр асуудал гарч байна. Нэгдүгээрт, МАН өөрийн хөтөлбөрийг гаргаагүй явж байгаа юм бол АН сөрөг хүчин болох боломж байхгүй. Өөрийнхөө оролцсон хөтөл­бөрийн эсрэг яагаад ч сөрөг хүчин байх боломжгүй болоод энэ. Хоёрдахь “нюанс” юу байна вэ гэвэл, хамтарсан гэрээ цуцлагдаж байгаа юм гэвэл Э.Бат-Үүл гишүүний яриад буй засаг танхимаараа огцрох асуудлаар маргаан эхэлж магадгүй. Зургаан сайд зүгээр огцорч, гэрээ цуцлагдаагүй юм бол огцорсон зургаан сайдын оронд хэн ч томилогдож болно. Магадгүй АН-аас зургаан өөр хүнийг томилсон ч болох.

-Тэгээд үүнд ямар хариулт авав?

-Хариулт өгөөгүй шүү дээ. Гол нь хамтарсан засаг байгуулсан юм чинь тайлангаа тавих ёстой. Намууд улс төрийнхөө өөрсдийн шийдлийг гаргаж нийлж, салж болох ч хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой байх ёстой. Ингэхгүй бол сонгуулийн наана ирэн­­гүүтээ чиний буруу, миний зөв гээд хэрэлдэх хэрэг үү.

-Саяхан нэг судлаачтай уулзаж ярилцаж байхад улс төрийн гуравдагч хүчний тухай сэдэв хөндсөн юм. “АН болон МАН–ыг хамтарч, нэг засагтай болоод явж байх хугацаанд нь ИЗНН хүчтэй сөрөг хүчин байх ёстой байсан юм. Тэгсэн бол өөрийн орон зайгаа хангалттай олж авах байлаа. Гэвч тэгж чадсангүй” гэж Үнэхээр ийм боломжийг та хэд сайн ашиглаж чадсангүй дээ?

-Чадуулаагүй байхгүй юу, үнэнийг хэлэхэд. Наад асуугаад байгаа чинь бид нарыг бүртгэхгүй байгаагийн хариулт байхгүй юу. Парламентад суудалтай хоёр нам 800 төлөөлөгчтэйгээр Төрийн ордонд Их хурлаа хийж “нэгдэнэ” гэж шийдэж байхад үүнийг нь бүртгэхгүй байна гэдэг нь үүнтэй л холбоотой. Бид нарын материалыг зургаан сар хүлээлгэж хойш нь татаж байснаа нам бус улсуудаас тамгагүй бичгийг үндэслэн өөр хүнийг бүртгэчихэж байгаа юм. Яах вэ тодорхой цаг хугацааны дараа бүх зүйл тодорхой болж, асуудлууд шийдэгдэнэ л дээ.

-Гуравдагч хүчний тухай ярьс­ных энэ орон зайд ИЗ-НН-ын нэгдлээс илүүтэй МАХН-ын ту­ган дор нэгдэж байгаа нам хүч­нүүд хүчээ авч цар хүрээгээ өр­­гөт­гөөд байгаа юм биш үү?

-Ер нь бол гуравдагч хүчний орон зай нь энэ гээд нэг зүйл байхгүй шүү дээ. Монголын ард түмнийг хэн нэгэн нам өмчлөхгүй л байхгүй юу. Ард түмэн тухайн үед хэнд нь илүү санал өгөх вэ гэдгээрээ л ялгаатай болохоос биш тэдний орон зай гэх тогтоосон зүйл байхгүй. АН-ын зарим нөхдүүд надад хэлдэг. “Ардчиллынхны саналыг та нар хуваагаад байна” гэж. Гэхдээ өөрөөр харвал “бид нарын саналыг АН-ынхан хуваагаад байна” гэж бас л болно. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл, ардчиллын онцлог нь өрсөлдөхдөө байгаа юм шүү дээ. Өрсөлдөөн байхгүй юм бол ардчиллаар яах юм.

-Таныг чинь намд оронгуутаа л дарга болчихдог “онцлогтой” хүн юм уу гэж хараад байгаа маань  зөв үү, буруу юу. Өмнө нь МНН-д ороод удаагүй байж дарга болоод, одоо удахгүй ИЗН-д элсэнгүүтээ дарга болох нь гээд л?

-/инээв/. Андуураад байгаа юм. Би тухайн үед МНН-д ганцаараа ороогүй шүү дээ. Иргэний холбоо гээд том байгууллага байсныг бол мэдэж байгаа байх. Ингээд Иргэний холбоо нь МНН-тай нэгдсэн байхгүй юу. Иргэний холбоо нь МНН-аас хэд дахин том байсан. Миний хувьд нөхдийн хамт Иргэний холбоог үүсгэн байгуулалцаад явж байсныхаа хувьд удирдахаар сонгогдсон. Түүнээс биш Д.Энхбат нэг их мундагтаа гэнэт нэг намд оронгуутаа дарга болчихсон юм биш. Өнөөдөр АН-ын удирдлагад байгаа хүмүүс ч гэсэн анхны ардчилсан холбоог үүсгэн байгуулалцаж байсан нөхөд л байгаа биз дээ. Ер нь олон жижиг намууд байснаас нэгдэж нийлэхийг маш зөв зүйл гэж харж байгаа. Саяхан хүртэл О.Бат-Ялалт тэргүүтэй намынхан ИЗН-д нэгдсэн шүү дээ.

-О.Бат-Ялалт тэргүүтэн гэж бас нэг УДШ-тэй заргалдсан нө­хөд ИЗН-тай нэгдэхээр болсон. Тэдний нөхцөл байдал МНН-ийн нөхцөл байдал хэр ялгаатай юм?

-Яах вэ, ерөнхийдөө бид нартай адилхан шүү дээ. УДШ дээр очоод гацсан. Мөн адил шалтгаанаар дараагийнхаа сонголтыг хийсэн. Угтаа УДШ намуудын бүртгэлийн асуудал дээр гэмт хэрэг хийчихсэн хүмүүсийг яллах гээд байгаа мэт шүүн таслах үйл ажиллагаа явуулаад байж болохгүй байгаа юм. Иргэдийн улс төрийн эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхэд  дундуур нь орж хутган үймүүлэх хэрэг байхгүй л баймаар юм. Я.Бат-Ялалт тэргүүтэй намынханыг бидэнтэй ирж нэгдэж байгааг би жам ёсны л энгийн зүйл гэж харж байна.

-Хамтарсан засгийн газрын ши­нээр томилогдох сайд нарыг ху­вь хүнийх нь хувьд, тэр тусмаа сайд хүн ямар байх шалгуураар харж үзсэн үү. Энэ талаар ямар бодолтой байна?

-Би өөрөөр харж байна. МАН нь 2008 оны сонгуулиар олонхийн санал авсан. Ингээд ерөнхий сайдаар томилогдсон. Сайдаар хэнийг томилох нь тэр хүний хуулиар олгогдсон эрх. Мөн сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдээд байна.

-Хуулиар надад эрхийг нь олгосон юм гээд хэнд ч хамаагүй сайдын эрх мэдэл өгчихөж болно гэж үү?

-Яах вэ, хууль зөрчөөгүй л бол боломжтой гэж харж байна. Тэгээд ч сонгууль болоход маш бага хугацаа байна.   

-Сайд хүн гишүүн байж болохгүй гэд­гийн араас шадар сайд байх эсэх тухай маргаан ч мөн байна?

-Энэ асуултанд чинь нэг тайлбар хиймээр байна. Миний бие болон 15 гишүүн нийлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр Зас­гийн газрын гишүүний гуравны нэ­гээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт орсон. Гэхдээ өнөөдрийн Үндсэн хуульд энэ заалт байхгүй. 2000 оны долоон өөрчлөлтөөр засаглал хуваарилах зарчмыг зөрчсөн. Ер нь Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх нь буруу.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж