Татварын өршөөлд дахин хамрагдах уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Татварын өршөөлд дахин хамрагдах уу?

Засгийн газраас бизнес эрх­лэг­ч­дэд санхүүгийн эрх чөлөөг ол­го­­хоор  татварын хуулиудад өөрч­­­лөлт оруулахаар бэлтгэж бай­на.  Энэхүү хуулиудад өөрчлөлт оруулж, санхүүгийн эрх чөлөөг биз­­не­сийнхэнд олгоно гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилийн сүүлчээр мэдэгдсэн билээ. Уул уурхайн салбараас орж ирж байгаа их мөнгийг үйлд­вэр­­лэл эрхлэгчид, бизнесийн сал­ба­рынханд хуваарилахын тулд юуны өмнө санхүүгийн хоёр тайланг цэглэхээр шийдэж, үүний хүрээнд санхүү,татвартай холбоотой дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа аж. Энэхүү ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Лхагважав ахалж байгаа бөгөөд хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажил эхний шатандаа явж байгаа гэнэ.  Ажлын хэсгийнхэн хуулиудад өөрслөлт оруулах хуулийн төслийг дөнгөж боловсруулж эхлээд байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх дургүй байна лээ. Засгийн газар ирэх сонгуулиас өмнө Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.  Хэрвээ УИХ-аас Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахыг дэмжвэл Монгол Улсын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлт гарна гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа юм. Татварын ерөнхий хуулийг өөрчилснөөр дагалдах Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль, Онцгой албан тат­варын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт орох дэг. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд өөрчлөлт орсоноор  аж ахуйн нэгж иргэн төлсөн НӨАТ-ныхаа 50 хувийг буцааж авч болох гэнэ лээ. Гэхдээ энэ нь тодорхой хугацаанд хэрэгжих гэсэн.  Татвараас зугатдаг, бохир тайлан гаргадаг жижиг дунд үйлдвэрүүдийг санхүүгийн зөв бүртгэлтэй, далд орлогыг ил болгосноор эдийн засагт тодорхой ахиц, дэвшил гарна хэмээн ажлын хэсгийнхэн үзэж байна. 

Нэгдүгээрт, аж ахуйн нэгж санхүүгийн зөв тайлантай болсноор зээл тусламж, хөнгөлөлтөд хамраг­дах бүрэн боломжтой болох аж. Мөн санхүүгийн зөв тайлантай аж ахуйн нэгжүүд төрөөс хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах гарц нээгдэх гэнэ.  Хоёр­дугаарт, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар нийгмийн даат­галыг нь ажил олгогчид нь төлөөгүй аж ахуйн нэгжийн асуудал шийдэгдэх юм байна. Гуравдугаарт,  улсөд төлсөн НӨАТ-ынхаа 50 хувийг буцааж олгосноор аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн  томоохон дэмжлэг болох аж. Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын мөнгөний өч, төчнөөн жилийн хуримтлагдсан өр, ширний асуудал цэгцлэгдэнэ гэдгийг эдийн засагчдын зүгээс онцолж буй.

Ажлын хэсгийнхэн Татварын ерөнхий хууль болоод Нягтлан бодох бүртгэлийн хуулийг өөрчилснөөр эдийн засагт олон давуу тал гарна гэдэгт итлгэтэй байгаа бол харин зарим аж ахуйн нэгжүүд энэхүү санхүүгийн эрх чөлөөг олгох асуудал сэтгэл дундуур байгаа гэнэ лээ. Учир нь шударгаар татвараа төлөөд явж байсан хүмүүс хохирч, хулгайчдын толгойг илсэн үйлдэл болно хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн.

Монголын төр анх удаа бизнес эрхлэгчдэдээ ийм боломж олгож буй юм биш. Үүнээс өмнө 2008 онд Татварын өршөөлийн хуулийг баталж аж ахуйн нэгж, иргэн нийтдээ 3000 орчим татвар төлөгч хамрагдсан гэдэг. 2008 онд Татварын өршөөлийн тухай хуулийг  баталснаар 2-4 тэрбум ам.долларын далд мөнгийг ил болгосон байна. Түүнчлэн зарим иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг компаниуд төлөөгүй байсан дутагдал Татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх үеэр ил гарсан бөгөөд сарбүрийнхээ цалингаас нийгмийн даатгал төлж байсан хэрнээ бичилт нь хийгдээгүй  800-гаад сая төгрөгийн хохирлыг барагдуулсан аж. Тэдний дунд тэтгэврээ ч авч чадаагүй хүн байсан байна.

Зарим эдийн засагч НӨАТ-ыг буцаан олгохдоо ялгамжтай тогтоох хэрэгтэй, ингэхдээ нягтлан бодохын бүртгэлтэй холилдуулж болохгүй гэсэн байр суурийг баримталж байгаа бололтой.  Өөрөөр хэлбэл, НӨАТ-д аккруэйль мөнгөн суурийг хослуулж хэрэглэхээртөлөвлөж байгаа аж.  Түүнчлэн Татварын ерөнхий хууль болон дагалдах хуулиудыг батлахдаа НӨАТ-ын босгыг 10 сая биш 150 сая болгож магадгүй талаарх яриа байна. Мөн хувийн хэвшлийнхэн Хүн амын болон Аж ахуйн нэгжийн орлогын гэсэн олон татвар төлсөөр ажилчдадаа цалин өгөөд, ашигтай үйлдвэрлэл явуулах боломж хомс, дээрх татваруудаас болоод ажилчдынхаа цалин, хангамжийг нэмж сайруулж чаддаггүй аж. Тиймээс энэ асуудлыг ч хуулийн төсөл боловсруулагчид анхааралдаа авсан байна.  Түүнчлэн Экспортын татварын хуулийг яаралтай гаргаж, квот тогтоодог болох санал ч олон нийтийн зүгээс тавьж байгаа гэсэн. Ямар ч байсан энэ онд Засгийн газар татвар төлөгчдөдөө санхүүгийн эрх чөлөөг олгож магадгүй нь байна.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж