Австрали 40 хувийн татвар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Австрали 40 хувийн татвар тогтоолоо

Австрали улс “BHP Billiton Ltd”, “Rio Tinto Group” зэрэг байгалийн нөөц баялаг ашигладаг компаниудад 40 хувийн татвар ноогдуулах гэж байгаагаа Ням гаригт зарласныг “Bloomberg” мэдээллийн агентлаг дамжууллаа. Энэ нь Австралийн татварын бодлогын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа өөрчлөлт юм. Байгалийн нөөцийн татварыг 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд эхний хоёр жилийн дотор 11.1 тэрбум ам.долларын татварын орлого Австралид оруулах болно гэж Австралийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ken Henry тус улсын ойрын арван жилийн татварын бодлогын талаар танилцуулахдаа мэдэгдлээ. Байгалийн баялаг ашигладаг компаниудаас олсон татварын орлогыг дэд бүтэц хөгжүүлэхэд зарцуулах юм байна. Ийнхүү нэмэлт орлого орохтой холбоотойгоор  одоо 30 хувь байгаа бусад компаниудын татварыг 2014 оны дунд үе гэхэд 28 хувь болгож бууруулах юм байна. “Ингэснээр бүх Австрали иргэнд ноогдох ёстой байгалийн баялгийг хамгийн үр ашигтай зарцуулах болно” гэж Австралийн Ерөнхий сайд Kevin Rudd Канбрерра хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ.

Австралийн хүн ам хөгширч байгаатай холбоотойгоор Австралийн засгийн газар татварын бодлогоо эргэн харна гэж мэдэгдэж байсан юм. Австрали  2050 он гэхэд 36 сая хүнтэй  болох ба хүн амынх нь дөрөвний нэг нь 65-аас дээш настай болсны улмаас нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарт илүү их ачаалал учирах болно. Уг татварын өөрчлөлт Rudd-ын засгийн газар, Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлдэг байгалийн нөөц ашигладаг компаниудын хооронд зөрчил үүсгэх нь ойлгомжтой. Хятад, Энэтхэг хоёр улс нүүрсний экспорт, төмрийн хүдэр, хөнгөн цагааны экспортоороо дэлхийд тэргүүлдэг Австралийн байгалийн баялгийн гол худалдан авагч бөгөөд байгалийн баялаг нь эрэлт ихтэй байсны ачаар Австрали дэлхийн эдийн засгийн хямралыг хөнгөхөн давж байна.

Дөчин хувийн байгалийн нөөцийн татвартай болсноор Австрали уул уурхайн орнууд дундаа хамгийн өндөр татвартай орон болох бөгөөд өрсөлдөх чадвар нь буурна гэж “Citigroup Inc” мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани “BHP”-ын хөрөнгийн 51 хувь нь Австралид байдаг бөгөөд шинэ татвар мөрдөгдөж эхэлснээр тус компаний орлого 19 хувиар буурах болно гэж “Merrill Lynch & Co” компани тооцоолж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хоёр дахь том экспортлогч “Rio Tinto” компанийн нийт хөрөнгийн гуравны нэг нь Австралид байдаг бөгөөд шинэ татвар мөрдөгдөж эхэлснээр орлого нь 30 хүртэл хувиар буурах бололтой. Шинэ татварыг Австралийн санхүүгийн жилтэй холбоотойгоор 2012 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхлэх болно.

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж