
Австралийн хүн ам хөгширч байгаатай холбоотойгоор Австралийн засгийн газар татварын бодлогоо эргэн харна гэж мэдэгдэж байсан юм. Австрали 2050 он гэхэд 36 сая хүнтэй болох ба хүн амынх нь дөрөвний нэг нь 65-аас дээш настай болсны улмаас нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарт илүү их ачаалал учирах болно. Уг татварын өөрчлөлт Rudd-ын засгийн газар, Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувийг бүрдүүлдэг байгалийн нөөц ашигладаг компаниудын хооронд зөрчил үүсгэх нь ойлгомжтой. Хятад, Энэтхэг хоёр улс нүүрсний экспорт, төмрийн хүдэр, хөнгөн цагааны экспортоороо дэлхийд тэргүүлдэг Австралийн байгалийн баялгийн гол худалдан авагч бөгөөд байгалийн баялаг нь эрэлт ихтэй байсны ачаар Австрали дэлхийн эдийн засгийн хямралыг хөнгөхөн давж байна.
Дөчин хувийн байгалийн нөөцийн татвартай болсноор Австрали уул уурхайн орнууд дундаа хамгийн өндөр татвартай орон болох бөгөөд өрсөлдөх чадвар нь буурна гэж “Citigroup Inc” мэдэгдсэн. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани “BHP”-ын хөрөнгийн 51 хувь нь Австралид байдаг бөгөөд шинэ татвар мөрдөгдөж эхэлснээр тус компаний орлого 19 хувиар буурах болно гэж “Merrill Lynch & Co” компани тооцоолж байна. Дэлхийн төмрийн хүдрийн хоёр дахь том экспортлогч “Rio Tinto” компанийн нийт хөрөнгийн гуравны нэг нь Австралид байдаг бөгөөд шинэ татвар мөрдөгдөж эхэлснээр орлого нь 30 хүртэл хувиар буурах бололтой. Шинэ татварыг Австралийн санхүүгийн жилтэй холбоотойгоор 2012 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхлэх болно.
Т.Ариунсанаа