-Дээврийг битүүлж, дулаахан болчих юм биш үү гэж асуутал,
-Тэгвэл түрээсийнх нь үнэ нэмэгдчихнэ. Тэр хэрээр барааны үнэ нэмэгдэнэ. Иргэдийн худалдан авалт буурсан энэ үед үнэ нэмэгдчихвэл бүр хэцүүднэ биз дээ. Харьцангуй хямдхан байлгахын тулд, бараагаа борлуулж, хоолныхоо мөнгийг олохын тулд хөлдөж үхэхээс наагуурхан зогсохоос өөр яах ч билээ гэв.
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачдыг албан бус хөдөлмөр эрхлэгчид гэж үздэг аж. Тэд түрээсийн мөнгөө л цаг хугацаанд төлөх ёстой. Сар бүр түрээсийн мөнгө авдаг “Нарантуул” захын удирдлагуудад тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгалаа хэрхэх нь огт хамаагүй. Уг нь түрээслүүлж, мөнгө авч байгаагаас үзвэл ажил олгогч мэт харагдах юм. Газрын наймаа гэгч “Нарантуул”-ыг тойрсонгүй. Зай завсар бүрийг түрээслүүлнэ. Түүнийг нь анх түрээслэхэд үнэтэй байдаг талаар ч иргэд ярьж байлаа.
Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлагууд өчигдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж буй иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, ажиллах орчны талаар ярилцлаа. Зөвхөн “Нарантуул” гэлтгүй зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй иргэд ажиллах нөхцөл хүнд, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй тухай иргэд ярьж байв. Тиймээс МҮЭХ-ноос “Нарантуул” худалдааны төв дээр үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/ байгуулан, иргэдийн төлөө ажиллахаар болжээ. Тэд “Монгол оронд буй эдгээр захуудад ажиллаж буй иргэдийн ирээдүйн эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрлөх орчин нөхцөл хүнд байна. Түрээсийг дураараа нэмлээ гэхэд буулгая, төлөхгүй гэж хэлэх эрх байдаггүй. Энэ нь үнэ өсөхөд нөлөөлж болох юм. Тиймээс түрээсийг өсгөхгүй байх гэхчлэн зүйлүүдэд МҮЭХ дорвитой арга хэмжээ авна. Эдгээр иргэддээ төр анхаарлаа хандуулах цаг болсон” гэж үзэж байгаа аж.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар: Эдгээр хүмүүст эрүүл мэнд, ирээдүйн нийгмийн даатгал нь алга
-Ганц Нарантуул гэлтгүй бусад олон дүүрэг, аймгийн захуудын амьдрал, нийгмийн асуудал төрийн хамгаалалтаас бүр гарчихсан байна. Үүнийг анхааръя. Одоогоор “Нарантуул” захын худалдаачдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл байгуулагдсан байгаа. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн даатгал, ирээдүйн нийгмийн даатгал хаа байна. Ажиллах орчин нөхцөлд маш хүнд байна. Хамгийн наанадаа гэхэд “Нарантуул” худалдаачид өндөр хүүтэй байгаа зээл авсан байдаг. Энэ бүхэн нь эргээд үнийн хөөрөгдөл болж, ард түмэн нуруундаа үүрч байна. Үүнийг төр засгийн анхааралд хандуулахаар МҮЭХ шалгалт хийж байна.
Хоёрдугаарт: Эдийн засгийг тогтвортой байлгахын төлөө Засгийн газар, улс төрчдийг татварынхаа мөнгөөр “тэжээдэг”. Эдийн засаг тогтворгүй байгаагаас улстөрийн бүлэглэлүүдэд хождог. Харин тогтворгүй байснаас болж, хохирдог нь зах дээр ажиллаж буй эдгээр иргэд, худалдан авалт хийж буй жирийн хөдөлмөрчин иргэд байдаг юм. “Шатахуун түгээх станц”-ын Засгийн газар, УИХ-ын гишүүдээ ухаан орооч ээ. Одоо ухаарах цаг болсон гэдгийг улстөрчдөд ойлгуулах гэж МҮЭХ-ны удирдлагууд, гишүүд дэмжигчид хамтран, ээлжит ажлаа хийж байна.
“Нарантуул” –ын ҮЭХ-ны дарга Г.Байгалмаа: Тэтгэвэрт гарах боломж алга
-Өнөөдөр зах дээр ажиллаж байсан иргэд тэтгэвэрт гарч чадахгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалдаа ч хамрагдаж чадахгүй. Ажлын байр хомсдолтой учир иргэд одоо байгаа энэ газраа алдахгүй тулд түрээсээ бууруулах тал дээр дорвитой дуугарч чадахгүй. Эдгээр хүмүүс ихэнх нь банкны зээлтэй. Ажлын байраа алдвал яаж зээлээ төлөх юм. Лангуугаа алдахгүйн тулд төлөх ёстой гэсэн түрээсийг төлж, гадаа хүйтэнд зогсож байгаа гэхэд болно. Үүний дагуу иргэдтэй уулзаж, үйлдвэрчний эвлэлийн хороогоо байгууллаа. Үүгээр манай ажил эхэлж байна гэхэд болно.