Шаардлага хангаагүй буудайнаас болж дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Шаардлага хангаагүй буудайнаас болж дэлбэрэлт болжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” гурил, тэжээлийн үйлдвэрийн буудай хадгалах элеваторт өчигдөр 12.37 цагт дэлбэрэлт болсон тухай бид мэдээлсэн билээ. Элеватор гэдэг нь буудай хадгалах бетонон агуулах аж. 500 тонны багтаамжтай элеваторт хадгалж байсан буудай халснаас тэсрэлт үүсч, улмаар элеваторын дээд хэсэг задарч, 30-40 метр зайд шидэгдсэн байна. Дэлбэрэлт болох үеэр тухайн газарт хоёр ажилчин ажиллаж байсан бөгөөд нэг нь толгойн тус газраа гэмтжээ.

Улмаар ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяраар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймгийг зорьж, дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ослын газарт ажилласан юм. Энэ үеэр ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын комиссын ажилтнуудтай мэдээлэл солилцож, шуурхай хурал хийжээ.

“Дархан” гурил тэжээлийн үйлдвэрийн барилга 1964 оны есдүгээр сарын 26-нд ашиглалтад орсон бөгөөд 1980 оноос гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тэсрэлт үүсэх үеэр тус гурилын үйлдвэрт 20 мянган тонн буудай хадгалж байснаас тал нь болох 10 мянган тонн буудай нь чанарын шаардлага хангаагүй буюу чийгтэй буудай байжээ. Харин чийгтэй буудай халалт өгөхөөр тэсэрдэг гэнэ. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас чийгтэй 10 мянган тонн буудайг шаардлага хангахгүй тул устгал хийх шийдвэр гаргасан байсан ч  гурилын үйлдвэр уг шийдвэрийг биелүүлээгүй байна. Эх сурвалжийн мэдээгээр тэд чийгтэй буудайг гахайн тэжээл болгохоор хадгалж байсан гэнэ. ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр цаашид аюулгүй байдлыг хангаж ажиллах зааварчилгаа өгсөн ба хэрэв тус дэмжлэг хэрэгтэй бол Улсын онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Мөн хяналт шалгалтыг түргэвчлүүлж, ажиллах цагаа уртасгахыг үүрэг болгосон байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж