Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш Ж.Вердийн “Трубадур” дуурь эгшиглэх гэж байна. Энэ өдөр симфони найрал хөгжмийг Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын ерөнхий удирдаач Азат Максутов удирдах юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголд зочилж, УДБЭТ-тай танилцаж байсан энэ эрхэм дахин манай улсад ирж, симфони найрал хөгжмийг удирдахаар болсон юм. Харин дуурийн гол дүрүүдэд Ди Лунад Ч.Энхтайван, Леонорад Б.Эрдэнэтуяа, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандод Б.Алтанхуяг, Инест Д.Туяа, Рюиц Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү, мэдээ хүргэгч Г.Шижирболд нар тус тус тоглох аж.
“Трубадур” дуурь нь дэлхийн шилдэг таван дуурийн нэг бөгөөд Ж.Верди Испанийн зохиолч Антонио Гарсиягийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн бичжээ. Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөнө. Иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьт багтдаг байна.
М.Дөл