
Өнгөрөгч бямба гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Италийн нэрт хөгжмийн зохиолч, их мастер Ж.Пуччинийн алдарт “Madam Butterfly” буюу “Чио Чио Сан” дуурь 45 дахь удаагаа тоглогдлоо. Тус дуурь нь анх 1904 оны хоёрдугаар сарын 17-нд Италийн Милан хотын театрт тавигдаж байжээ. Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй энэхүү дуурийн цомнолыг Л.Иллика, Дж.Джазока нар бичсэн байна. Үзэгчдийн сэтгэл зүрхийг анхнаасаа татаж дэлхийн театруудын чансааг үргэлж илтгэж байдаг Ж.Пуччинийн энэхүү дуурьт XIX зууны сүүл үед Нагасаки хот дахь дорнын үзэсгэлэнт бүсгүй Чио Чио Сан, Америкийн тэнгисийн цэргийн дэслэгч Пинкертон хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг.
Энэхүү дуурийн Чио Чио Саны дүрд МУГЖ С.Мөнгөнцэцэг, Сузукигийн дүрд М.Дариймаа, Пинкертонд Г.Шижирболд, Шарплест МУГЖ М.Болд, Город Ц.Дамдинсүрэн, Бонзад Э.Бумхүү, Ямадорид СТА А.Сайнбаяр, Комиссарт Р.Батболд, Кейтэд СТА Д.Туяа нар тус, тус тоглолоо.
Удирдаач УГЗ Н.Туулайхүү симфони найрал хөгжмийг удирдаж, тайзны зураачаар МУАЗ Ч.Гунгаасүх, найруулагчаар АЖ Х.Уртнасан, тайзны машинистаар СТА Ж.Цогбат, гэрлийн техникээр СТА Д.Энхбаатар, туслах найруулагчаар СТА Е.Сарантуяа ажилласан байна.
Сакура цэцэглэсэн хаврын сайхан өдөр голын эрэг дээрх нэгэн байшингийн гадна хижээлдүү насны япон эр, залуухан америктэй ярилцан зогсоно. Зуучлагч Горо Америкийн цэргийн хурандаа, ноён Пинкертонд шинээр худалдан авсан байрыг нь танилцуулж буй нь энэ ажээ. Энэ байшинд ноён Пинкертон тун удахгүй гэрлэх гэж байгаа үзэсгэлэнтэй залуухан бүсгүй Чио Чио Сантайгаа амьдрах юм. Зууч Горо байшингаа ихэд магтан түүнд Чио Чио Саны зарц бүсгүй Сузукийг танилцуулна. Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесийг Пинкертоны урилгаар ирэхэд тэрээр байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсноо гайхуулан хэлдэг. Тэд дарс задлан тэдний аз жаргалын төлөө хундага тулган ууцгаана. Хашир Шарплес нөхрийгөө хэтэрхий хөнгөдөж өөрийнхөө толгойд гай хураах юм хийж байгаа юм биш биз гэж сануулахад Пинкертон япон бүсгүйн хашийн цагаан царай, эрвээхэй хоёр нүдэнд нь сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор эргэлт буцалтгүй шийдсэнээ ярина. Энэ үед голын гүүрийг даван намуухан дуулсаар ойртон ирж буй бүсгүйчүүдийн дуу сонстоно. Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Тэрээр үзэсгэлэн гоо дуу хоолойгоороо бусдаасаа илүү байлаа. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд, өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж, бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон хэлдэг. Тэднийг ийнхүү хөгжилдөж байтал гэнэт бүсгүйн хамаатан болох лам Бонза ирнэ. Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг үймүүлдэг тараадаг. Балмагдсан бүсгүй уйлан хайлахад, Пинкертон аргадан тайвшруулна. Тэдэнд хамтдаа байхаас илүү аз жаргал гэж хаа байх билээ. Дурлалт бүсгүйн шивнэх дуу дэслэгчийн сэтгэлийг хөдөлгөн, үүрдийн ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлдаг. Үдшийн бүрийд амраг бүсгүйгээ хоёр гар дээрээ тэврэн шинэхэн байшиндаа орсноор нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө.

Гуравдугаар үзэгдэл. Үүр цайж нар мандлаа. Чио Чио Сан шөнө өнгөрч шинэ өдөр эхэлснийг ч мэдсэнгүй Пинкертоноо хүлээсээр байлаа. Сузуки сэрээд гадагш гарч боомтын зүг харсан ч нэмэр болсонгүй. Хүүгээ сэрэхэд сая Чио Чио Сан байрнаасаа хөдлөн гунигтайгаар элгэндээ хүүгээ чанга тэвэрсээр унтлагын өрөөндөө орно. Гэнэт гадаа хүний ярих дуулдан Шарплес, Пинкертон нэгэн америк хатагтайн цуг ирэхэд Сузуки баярлан угтаж, эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьдаг. Гэвч Сузуки цэцэрлэгт зогсох гоёмсог америк хатагтайг гэнэт олж хараад дуугүй болов. Консул энэ хатагтай Пинкертоны гэргий болох тухай Сузукид мэдэгдээд “Энэ бүсгүй хүнлэг сайхан сэтгэл гарган Чио Чио Саны хүүхдийг авч өсгөхөөр шийдсэн” гэв. Пинкертон энэ бүхнийг Сузукид тайлбарлан хэлээд Чио Чио Сантай уулзалгүй түрүүлээд явна. Зарц бүсгүй энэ бүхнийг эзэгтэйдээ хэлж үл зүрхлэн шанална. Гадаа чимээг сонссон Чио Чио Сан гарч ирнэ. Хайртай хүн нь ирснийг зөнгөөрөө тааварласан бүсгүй түүнийг нүдээрээ эрнэ. Шарплес харцаа буруулж , Сузуки уйлсан байлаа. Консултай цуг зогсох эмэгтэйг хараад бүх юм тодорхой болох шиг болов.Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Шарплесс эцэгт нь хүүхдийг нь өгвөл өндөр боловсролтой хүн болж өсөхийг Чио Чио Санд хичээнгүйлэн тайлбарлана. Хөөрхий эхийн сэтгэл хямравч өөр зам байхгүйг бас мэдэж байлаа. Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдээ авахыг хүсээд зочдыг буцаадаг. Энэ бүхний дараа Чио Чио Сан бүх цонх хаалгаа хаахыг Сузукид тушаагаад, суугаа бурхныхаа өмнө сөхрөн сууж гэмээ наминчлаад хананд өлгөөтэй хутгыг авах мөчид үнэнч зарц Сузуки хүүг нь түлхэн оруулна. Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ. Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ. Нэгэнт энэ хорвоод догдлон хүлээж байсан хайртай хүн нь хүртэл түүнээс нүүр буруулан хамгаас эрхэм хүүг нь хүртэл авах болсонд шаналсан бүсгүй сүүлчийн удаа хүүгээ тэврэн үнсэж өрөө рүү нь оруулаад, өөрт нь байх орон зай үлдээгүй энэ амьдралаас үүрд явахаар шулуудан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ “ гэсэн үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлодог. Яг энэ үед Пинкертон Чио Чио Саныг дуудан хүүгээ тэвэрсээр гүйн ирдэг ч хэдийнээ оройтсон байв. Эмгэнэлт Эрвээхэй хатагтайн дуурь ийнхүү гунигт хувь тавилангаар өндөрлөнө.
Г.Даша