Гайхалтай тэвчээр бас эмгэнэл

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Гайхалтай тэвчээр бас эмгэнэл

Ерээд оны эхээр модонд орсон “ганзагын наймаа” монголчуудын амьдралын хэв маягийг нэг хэсэг эвдсэн гэхэд болно. Хөлтэй бүхэн л наймаанд гарч, хөөрхий зарим нь шатаж дампуурсаар зах зээлийн хатуу өрсөлдөөн дунд замхрах нэг нь алга болж зарим нэг нь хөлөө олж амьдралаа дээшлүүлсэн. Эрээнээс зөөх бараа таваарыг сонирхож хэрэглэх монголчуудын хэрэглээ хэрдээ л их байсан болохоор өнгөрсөнд байсан “Хар зах” өнөөгийн “Нарантуул” цэцэглэж өргөжсөн гэхэд болно. Хүн л юм хойно эдэлж хэрэглэх нь байлгүй л яахав. Эрэлт байсаар байхад нийлүүлэлтээр дутаачихгүй, хомсдолд оруулчихгүй гэх үүднээс хөөрхий хэдэн наймаачид маань гэр, зах, вагон гэх маршрутаар амьдарсаар нэлээд хэдэн жилийг ардаа орхиж, өдгөө үе залгамжилсан наймаачдын “арми” хэдийнээ бий болгожээ.  

-Яасан уудам юм бэ монголын тал нутаг
Яасан уужуу юм бэ монгол хүний сэтгэл
гэх дууны үг өөрийн эрхгүй нэгийг бодогдууллаа. Хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн надад туслаад би ингэж бодсон хэрэг биш л дээ. Ойр зуурийн юм авах санаатай “Нарантуул”-аар’ хэсэгхэн яваад л ингэж бодоход хүрсэн хэрэг. Зун, намар, өвөл, хавар. Дахиад зун гээд л ээлжлэн солигдох жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хүйтэнд хөрж суудаг “Нарантуул”-ын наймаачдыг хараад өмнөөс нь их ч санаа зовдог доо. Өдөртөө л 10 мянга гаруй хүн тогтмол үйлчлүүдэг энэ том захаас хэр хэмжээний ашиг орлого орох нь ойлгомжтой. Үгүй дээ л, үүдэнд нь хураадаг 100 төгрөг, захын хашаанаас гарсан машин болгоноос хураадаг 200 төгрөг гээд л энд бүх зүйл зоосны нүхээр шийдэгдэнэ. Ашиг орлого олдог шигээ эргээд худалдаа, наймаа эрхэлж буй түрээслэгчдээ яагад боддогүй юм бол, олигтойхон дулаан, битүү зах барьчихаад түрээслэгчидээ ч, худалдан авагчидаа ч бодсон тухтайхан наймаагаа хийгээд л сууж болдоггүй л юм байх даа гэсэн бодол төрж Нараа, Туул хоёрын эцгийг буруутгах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг байснийг нуух юун. Гэтэл нидэр дээрээ өдийг хүртэл “Нарантуул” урдын адил задгай хэвээрээ байгаа нь түрээслэгчдээс өөрсдөөс нь болдог гэх зүйлийг эцэг Самбуу хээв нэг хэлдэг юм гэнэ. “Битүү болгоод өгье” гэхээр “түрээс нэмэгдчихнэ” гээд лангуу түрээслэгчид нь эсэргүүцээд байдаг гэнэ. Гадаа хүйтэнд даараад суух дуртай хүн хэн байх вэ дээ. Гэхдээ л халтар хэдэн төгрөг олж ар гэрээ тэжээдэг хүмүүст түрээс нэмэгдэнэ гэдэг үнэхээр их эрсдэл. Эндэхийн нэг наймаачны ард зургаан хүний амьдрал байдаг гэсэн албан бус ч бодитой байж болох тоо байдаг юм билээ. Нөгөөтэйгүүр  “Нарантуул” битүү биш задгай байгаа нь нэг талаараа эндэхийн наймаачдад  давуу талыг бий болгодог гэхэд болно. Учир нь хажууханд нь хаяа дэрлэн орших “Сандэй”  “Шөнийн зах” гээд өрсөлдөгчид мундахгүй. Тэдгээр худалдааны төвүүд “Нарантуул”-ыг бодвол дулаахан, битүү, бас түрээс өндөртэй. Түрээс өндөртэй болохоор мэдээж бараа нь үнэтэй. Хэрэглэгчид дулаахан, тухтайг нь бодоод эндээс бараагаа сонгож авах нь илүү баймаар ч “Нарантуул”-ын хямд үнэ ядуу монголчуудыг өөртөө татсаар халаасан дахь хэдэн төгрөгөөр нь хэмжисээр. Хүйтэн ч хямд. Нэгийг биш хоёрыг гэдэг л зарчим энд үйлчилж амьдрал үргэлжилсээр.Үнэхээр бодоод байхнээ “Нарантуул”-ийг битүү болгоод түрээсээ нэмчихвэл наймаачид маань ч барааныхаа үнийг нэмэх нь ойлгомжтой. Үнэ нь нэмэгдсэн барааг бид л худалдаж авна. Эцэг Самбуу авахгүй нь мэдээж. Барааныхаа үнийг нэмчихээр “Нарантуул”-ын өнөөх бусдаас хямд давуу тал нь үгүй болж худалдан авалт ч үгүй болно. Ингээд бодохоор задгай хэвээрээ ч байвал дээр юм шиг. Гэхдээ энэ бүх бизнесийн цаана эрдэнэт хүний эрүүл мэнд амь насны асуудал гарч ирдэгийг та би бид тэр бүр анзаардаггүй шүү дээ. “Нарантуул”-ын хүйтэн цемент дээр таван жил зогссон наймаачин эмэгтэйн бөөр нь бүр мөсөн устахад хүрээд байгаа ч шүд зуун зогсч наймаагаа хийсээр байгаа нь үнэхээр гайхалтай тэвчээр. Бас гайхмаар эмэгнэл. 

Х.НАРАНГЭРЭЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж