Энэ парламентын түүхэн гавьяа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Энэ парламентын түүхэн гавьяа

Оюутолгой, Тавантолгойн орд, баялгийн тухай ярихдаа юуны өмнө бурханд талархья, буян заяагаа хадгалж үлдсэн эцэг өвгөддөө сүсэглэе. Тэгэхгүй бол тэр бүхнийг улстөрчид булаацалдаж, эгээ л өөрсдийнхөө гараар бүтээсэн юм шиг аашилж байна. Энэ удаагийн парламент, ихэнх хугацаандаа хамтарсан Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа бүтээсэн алдар, гавьяаныхаа тэргүүнд Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах болсноо тоочиж байна.

Ялагдвал сөрөг хүчин, яллаа гэхэд хүчтэй сөрөгэрх баригч хүчин болж хорин жил улс төрийн тавцанд тэмцсэн Ардчилсан нам МАН-тай хамтарсны үр дагаварт өнөөдөр юу өөрчлөгдсөн бэ? Үүний хариулт болгон хамгийн түрүүнд “Оюутолгой, Тавантолгой урагшиллаа” гэж хашгираад, араас нь уухай хадаан сонгуулийн суртал ухуулга руу давхиад орох гэж байгаа улстөрчид өө! Та бүхэн эндүүрч байна, уучлаарай.

Энэ удаагийн парламент болоод стандарт бус Засгийн газрын үйл ажиллагааны улс төр, нийгэм, эдийн засгийн агуулгыг Оюутолгой, Тавантолгойн асуудлаар хэмжинэ гэвэл бидний зорьж яваа ардчилсан нийгмийн үнэлэмжээс арай л хол зөрүүтэй зүйл болно. Тэр тусмаа уг ордуудын хөрөнгө оруулагчдаас авсан урьдчилгааны мөнгөөр “Хүний хөгжил сан” нэртэй гоё хайрцагнаас иргэн бүртээ сар болгон хишиг тараасан чинь нийгэм, эдийн засгийн хүрээний шинэчлэлийн бодлого бүүр ч биш.

Харин өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан хуулиуд дунд нийгэмд дэвшил дагуулах реформын шинжтэй, ардчиллын үндсэн зарчмуудыг бэхжүүлэхэд чиглэсэн, эрх зүйн огт өөр орчин руу монголчуудыг хөтлөх бодлогын баримт бичиг юу байсан бэ? Уг асуултын хариуд сайн мэдээ дуулгаж чадах, эс чадахаар л 2008-2012 оны парламентын түүхэн үүрэг хэмжигдэх болно.

Сонгох эрхээ тогтолцооны гажгаас болж алдаад байсан иргэдэд энэ эрхийг нь эргүүлэн өгөх анхны оролдлогоо амжилттай давж, Сонгуулийн хуульд пропорциональ элементийг тусгаж өгсөн нь өнөөгийн парламентын түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг байлаа. Нийслэлд таван сонгогч тутмын дөрвийнх нь санал парламентад тусч чадахгүй гээгдэж байсан нь тэдний сонгох эрхэд ноцтой халдлага болж байсан юм. Тэр тусмаа хуульчлагдсан “халдлага” гэдэг утгаараа аюултай, хортой зүйл байсан бөгөөд үүний эсрэг жагссан иргэдийн уур хилэн бууны сумтай тулгарсныг бид мартах ёсгүй. Бухимдал, тэмцэл рүү хөтөлж байсан асуудлын уг үндсийг олж, парламентын танхимд шийдэж чадсан нь гавьяа юм. Энэ асуудлыг хоёр нам гүйцэтгэх засаглалын төвшинд хамтран ажиллах шалтгааны нэгд нэрлэж, хэн хэндээ болзол болгосны хүчинд шийдэж чадсан. Зөвхөн үүнийх нь төлөө стандарт бус Засгийн газрыг зөвтгөсөн ч болох билээ.

Бүрэн эрхийн хугацааны төгсгөлд амжиж баталсан Сонирхлын зөрчлийг хуулийг санаачилсных нь төлөө Х.Тэмүүжин, С.Оюун, Д.Энхбат нарын нэр бүхий есөн гишүүн, гар өргөн дэмжсэн нийт гишүүдэд талархах ёстой биз. Эрх ашгийн эрэмбэ дараалал урвуугаа харж, төрийн болоод нийтийн гэх зүйлд тонуул, дээрэм хийж ирсэн зүй бус үзэгдлийг шахан нийгмээ тунгалагшуулах, эрх мэдэл бүхий этгээдэд ёс зүйн кодыг суулгах зорилготой энэ хууль Монголыг иргэншил, ардчиллын соёл руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.

Хууль тогтоох, төсөв батлах нь парламентын үндсэн эрх, уг нь үндсэн үүрэг нь. Ялангуяа улсын төсөв батлах эрх мэдлээ эрх ашигтаа нийцүүлэн эх адаггүй аашилж ирсэн үе үеийн парламент энэ удаагийнхаар төгсгөл болох найдвар бий. Татвар төлөгчдийн мөнгө болох төсвөөр дамжин хэн нэг төсвийн эрх мэдэлтний амин хувийн эрх ашиг хангагддаг биш улс орны эдийн засгийн бодлого хэрэгждэг гэдгийг хорин жилийн дараа ухамсарлав. Ухамсар нэлээн дээд төвшинд хүрч, түүхэнд анх удаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өнөөгийн парламент баталсан юм. Уул уурхайн орлогоос үүдэлтэй өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтөөс тусад нь ялгаж харах, ашигт малтмалын орлогын тодорхой хувийг хуримтлал болгох зэрэг бодлогыг уг хуулиар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон. Уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийг өнөөдрийн үнэ ханшаар тооцоолон төсвийн орлогыг савнаас нь хальтал төсөвлөж ирсэн алдаагаа УИХ дахин давтахгүй гэсэн үг. Бид төсөвтөө юу гэж тооцоолсноос үл хамааран өгсч, урууддаг гадаад зах зээлийн ханшийг олон улсын аргачлалаар цаашид тооцоолно. Энэ хууль ирэх оноос буюу 2013 оноос хэрэгжинэ. Эцсийн удаа төсвөөр тансаглах бололцоогоо өөрсдөдөө үлдээсэн ч парламент дэвшил хийсэн юм.

Газар нутгийнхээ дийлэнхийг лиценз нэрээр бусдын цүнхэнд хийсэн байснаа ухаарч лиценз шинээр олгохыг хориглосон, төрийн мөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл явцыг боловсронгуй болгосон, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилсэн гээд бас бус эрх зүйн баримтуудыг ч энд нэрлэх ёстой биз.

Энэ бүхний дэргэд огт өөр асуудал болох Оюутолгой, Тавантолгойг урагшлуулснаа түүхэн үүрэг гэж тооцвол эндүүрэл болно. Улс төрийн нөхцөл байдлыг зориуд хүндрүүлэн хэн хэнийхээ өмнө дэгээ тавьчихаад өрөм, хусмыг нь хуваалцахын төлөө гацааж байсан асуудлаа зохицуулсан төдий асуудлаа түүхэн гавьяа гэж яривал жинхэнэ шившиг. Өөрийн зүгээс үзүүлэх ёстой үйлчилгээгээ зориуд хүндрүүлж, үүнийхээ хариуд бусдаас шан харамж хүртэхийг авлига гэж хэлдэг. Оюутолгой, Тавантолгойн асуудалд шийдэл олсноо хамтарсны гавьяа гэж хэлбэл дэндүү жижиг сонсогдоно. Үүнийг л шийдсэнээр иргэн бүртээ хишиг өгч чадлаа гэж итгүүлэн саналыг нь худалдаж авна гэвэл авлига авснаас ялгаагүй ичгүүртэй хэрэг болно.

Үнэндээ ардчилсан нийгмийн төлөө алхам, гишгүүр болж чадахуйц шинэчлэл, дэвшлийн шинжтэй дээрх хууль, эрхзүйн баримтуудыг  “үхэр тугал” нийлүүлэн хамтарсны хүчинд парламент баталсан юм бас биш шүү. УИХ түүхэн үүргээ цаг үеийнхээ дэвшилтэт сэтгэлгээтнүүдээрээ, өөрөөр хэлбэл сонгогчдын захиалгаар томилогдсон гишүүдээрээ дамжуулан энэ удаад боломжийн хэмжээнд гүйцэтгэсэн хэрэг. Гэхдээ энэ бүхнийг цаг үе, нийгэм маань өөрөө захиалсан учир “зохиогчийн эрх”-ийг нь ч бас эзэмших ёстой. Бэлэн мөнгөөр бороо оруулаад өгөөч гэж бид  парламентыг сонгодогүй юм. Нийгэмд эрүүл, тунгалаг орчин, хуулийн шударга тэгш үйлчлэл, ардчиллын баталгаа, ёс суртахуун, зарчмын шинэ дэвшилтэт хэм хэмжээг бүрдүүлж өг гэж бид парламентыг захиалдаг. Энэ захиалгын хариуд сэтгэл ханамжийг өгч чадсан эсэхээр УИХ-ын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэмжих учиртай.

Хэн нэгэн нь түрүүлж хөдөлбөл нөгөөх нь татаж унагах дэгээгээ бэлтгэчихээд байсан улс төрийн барьцаа өөрчлөхийн тулд хамтарч, үүнийхээ нөөлгөнд Оюутолгой, Тавантолгойгоос ашиг олсноо түүхэн үүрэг гэж битгий л хэлж үзээрэй!

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж