Д.Дэмбэрэл: Ерөнхийлөгчтэй ЗГ-ыг бүрдүүлэхээр санал нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл: Ерөнхийлөгчтэй ЗГ-ыг бүрдүүлэхээр санал нэгдлээ

Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан сайдуудыг шинээр томилох асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг засварлага авснаас Засгийн газрыг бүрдүүлэх үйл ажиллагаа гацаанд ороод байсан. Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж санал солилцсоноор асуудлыг гацаанаас гаргалаа.

Энэ талаар УИХ-ын даргын сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцжээ. Уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлаа. УИХ-аар Засгийн газрыг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ч сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан УИХ-ын зарим Байнгын хороодын хуралдаан амжилттай болж чадаагүй. Үүнтэй холбогдуулан Засгийн газрыг бүрдүүлэх талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг сонсч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Бид ярилцаад Засгийн газрыг нэн даруй бүрдүүлье гэдэг дээр санал нэгдэж, үүний тулд зарим нэг зохион байгуулалтын арга хэмжээ авч болох юм гэж үзлээ. Засгийн газрын бүтцийг бүрдүүлэх тодорхой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөл хийх нь зүйтэй гэж үзсэн. Энэ бол Монгол Улсын Тэргүүн шадар сайдын асуудал.Энэ албан тушаалыг цаашид байлгах онцын ач холбогдолгүй юм байна гэдэг дээр санал нийлсэн. Ерөнхийлөгчтэй ярилцсаны дараа би энэ саналыг Ерөнхий сайдад хэллээ. Тэгээд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар зөвшилцөхөөр болсон.

Үүний дараа УИХ дахь намын бүлгүүдийг хүлээн авч уулзан энэ саналын талаар ярилцаад УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулъя, Байнгын хороодын хурлыг хийе, намын бүлгүүдийг яаралтай  хуралдуулан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөө маргаашгүй  шийдэхээр боллоо.

Ардчилсан намын бүлгийнхэнтэй ярилцах үеэр Ерөнхийлөгчтэй зөвшилцөн ярилцсан энэ саналыг дэмжсэн. Ингээд Ардчилсан намын бүлэг хуралдахаар боллоо. Ер нь би Ардчилсан намын  удирдлагатай ч Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаар улс төр хийгээд Засгийн газрыг байгуулахгүй байх нь нийгэм, ард түмэнд маш хортой зүйл. Үүнээс болж Засгийн газрын ажил хохирно гэдэг талаар ярилцсан байгаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын дараа цаг зав гарвал хоёр байнгын хорооны хуралдааныг зохион байгуулна. Түүний дараа хугацаа гарвал өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдааныг хийж Засгийн газрыг бүрдүүлэх асуудлаа хэлэлцэнэ.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар ойлголцолд хүрэлгүйгээр УИХ баталвал Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй гэсэн яриа нэлээд хэд хоногийн өмнөөс гарсан. Энэ талаар Ерөнхийлөгчтэй ярилцсан зүйл бий юу?

 -Та хориг тавих уу, үгүй юу гэж ярилцахгүй. Хориг тавих асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байгаа жирийн процесс. Нэгэнт Засгийн газрыг нэн даруй саадгүй бүрдүүлье гэж тохиролцсон болохоор энэ асуудлаар хориг байх үндэсгүй болж байна гэж ойлгож болно.

 -Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгох санаачилгыг та гаргасан уу?

-Тэргүүн шадар сайдын орон тооны асуудал надаас үүсэлтэй биш. МАН-ын зүгээс, тэр дундаа энэ албан тушаалд нэр дэвшсэн хүний зүгээс энэ санаачилга гарсан. Тэр санаачилгад тулгуурлан энэ асуудлыг бид ярилцлаа.

-Хоёрдугаар сар гарах дөхчихлөө. Одоо чуулганаар шийдэх ямар чухал асуудлууд байгаа вэ. Намрын чуулган хугацаандаа завсарлаж амжих уу?

-Засгийн газрыг бүрдүүлсний дараа заавал хэлэлцээд байх асуудал цөөн үлдсэн. Чуулган завсарлан гишүүд ард түмний дунд ажиллана. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Одоо ажиллана, хууль шийдвэрийн биелэлтийг хангана гэдэг зарчмыг баримтална. Хоёрдугаар сарын 10-нд намрын чуулганыг завсарлуулахаар байгаа. Энэ хугацаандаа багтах нь зүйтэй гэж бодож байгаа.

-Сүүлийн үед өрнөсөн маргаан УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд байх эсэхтэй л холбоотой байлаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх нь зүйтэй гэж яригдаж байгаа. Энэ хуулийг батлах талаар одоо яригдах болов уу?

-Одоо Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулаад шинэ хуулийн дагуу Засгийн газраа бүрдүүлнэ гэвэл маш их цаг хугацаа шаардагдана. Тийм учраас одоо байгаа хуулийн хүрээндээ л ажиллана.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж