Тэргүүн шадар сайдыг цомхотгохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайдыг цомхотгохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэн дэмжлээ. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танилцуулсан юм. Тэргүүн шадар сайдын албыг цомхотгож байгаатай холбоотойгоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Харин Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус хамааруулахаар төсөлд тусгажээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ламбаа “Агентлагийг шилжүүлэх тохиолдолд эхлээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг шиг санагдах. Шууд УИХ-д оруулаад ирэхээр хуулийн зөрчил үүсэх юм биш байгаа” гэж хэлж байлаа. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа, зөрчилгүй. Асуудал номоороо явж байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Тохиролцоо гэх үү, ойлголцол гэх үү, ямар ч байсан Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгож байна. Уг нь энэ албыг байлгах шаардлага бий. Ерөнхий сайд өөрчлөгдлөө гэхэд Тэргүүн шадар сайд нь улс орны хөгжлийн бодлогын асуудлаа зангидаад сууж байдаг байх шаардлага бийг” хэлсэн юм.

Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хуралдуулах нь зүйтэй байна гэдэг санал гарч, дэмжлэг хүлээв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж