Хүйтэн өвлийн халуун айлчлал

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Хүйтэн өвлийн халуун айлчлал

Ерөнхийлөгч алсыг ширтэн, хэсэгхэн зуур бодлогошрон зогсов. Явсан газар
бүртээ дагалдан явсан гишүүд болон компанийн удирдлагуудыг хүнд
асуултаар шавхуурдан  “банга” хүртээж явсан тэрээр хэдэн хором нэг л
зөөлөн болчихов. Төрийн тэргүүн ийн зөөлөрснийг би таахдаа тэнгэр газар
нийлэн үргэлжилсэн уужим тал, тэртээд цэнхэртэх Хан Жавхлант хайрхан
түүнд нэгийг шивнээ болов уу гэж бодсон юм. Уул, тал үг хэлэхгүй ч хүний
зүрхэнд өчлөө шивнэдэг гэдэгт би итгэдэг. Өнө удаан жил энд “амьдарсан”
өвгөн хайрхан ямар ч дарга даамлаас илүүтэй үнэн үгийг Ерөнхийлөгчийн
сонорт хүргээ болов уу… Галбын говийн хээгүй торго мэт цэлмэг тэнгэр,
бор арвай шиг тослог хөрс очсон гийчинд ухаарал, тайвшрал хайрладаг гэж
нутгийн олон ярьдаг билээ.

Бултах эрхгүй асуултууд…

Сэтгүүлчдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгөхгүй аргацааж болох ч
сэтгүүлч Төрийн тэргүүний асуултаас бултах арга дарга нарт байсангүй. Ам
нээвэл уушги нээ гэдэг. Ерөнхийлөгч харин дагалдан яваа салбарын сайд,
дарга нар болон компаниудын удирдлагын уушгийг нээгдтэл нэхэл хатуутай
асуултаар “булж”, сэтгүүлч мэргэжлээ илтгэж  явсан юм.

“Энержи Ресурс” компанийн ажлын төв
байран дээр болсон танилцуулгын үеэр “Энержи Ресурс” компанийн ТУЗ-ийн
дарга Ж.Оджаргал нүүрсний зах зээл, үнийн талаар илтгэл тавихад
Ерөнхийлөгч олон зүйл лавласан. Жишээ нь, Ухаахудагаас Находка боомт
хүртэлх баяжуулсан нүүрсний нийт өртөг зардал 168 ам.доллар болж байгааг
хэлэхэд, энэ өртөг зардал нь дэлхийн бусад компаниудтай өрсөлдөхүйц үнэ
байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг тодруулав. “Монголчууд бусад
орноос, тодорхой хэлбэл гол өрсөлдөгч болох Австралиас нүүрсээ хамаагүй
хямд үнэлж байгаагийн гол шалтгаан нь тээврийн зардалтай хамаатай. Учир
нь манайх далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн. Ийм шалтгааны улмаас
нүүрсийг уурхайн аман дээрээс хямдаар зарж байгаа. Хэрвээ төмөр зам
тавиад, ОХУ-тай татварын тал дээр тохиролцож чадвал зөвхөн өмнөд хөрш
гэлтгүй Азийн бусад орон, мөн Европын зах зээлд манай улсын нүүрс
өрсөлдөх боломжтой” гэсэн хариултыг Ж.Оджаргал  захирал өгсөн.

“Энержи Ресурс” компани одоогоор Чойр
өртөөгөөр дамжуулан ХБНГУ-ын Thyssen Krupp компанийн Польш улсад байх
коксын үйлдвэрт 48 вагон нүүрс нийлүүлсэн бол Япон улсын Sumitomo
Metals-ийн усан онгоцонд 20 мянган тонн нүүрс ачуулаад байгаа юм. Мөн
энэ оны хоёрдугаар сард монгол нүүрс Энэтхэгийн Mesco Steel гангийн
үйлдвэрт очих аж.

Ерөнхийлөгч Находкагаар  нүүрс гарга­хад
авдаг татварыг 60 хувиар хямдруулах талаар Оросын Засгийн газартай хийх
тохиролцоо хэр бүтэмжтэй байгааг Д.Зоригт сайдаас асуухад, “Оросуудын
Тавантолгойд тавьж байгаа үндсэн нөхцөл бол энэ асуудал. Оросын тал
Баруун Цанхи дээр томоохон хөрөнгө оруулагч болсон тохиолдолд татвар
хөнгөлөх тухай яригдана” гэв. АН, МАН салж сарнин, бужигнаж байгаа энэ
үед Тавантолгойн хэлэлцээр урагшлахгүй нь ойлгомжтой болоод байгаа.
Баруун Цанхийн хэлэлцээр, төмөр замын татвар хоёр бат уяагаар холбогдсон
тул манай нүүрс Европын зах зээл рүү өртөг өндөртэй гарна. Тодруулбал,
Тавантолгойн хэлэлцээр шийдэгдтэл Европын зах зээл рүү явсан нүүрс
эзэндээ гавьтай ашиг авчирч чадахгүй нь.


Хөрөнгө оруулалтын гэрээ юу болов?

Ерөнхийлөгч мөн “Энержи Ресурс”-ын удирдлагаас Ардчилсан намын Үндэсний
зөвлөлдөх хорооны хуралдаан дээр Х.Баттулга гишүүний ярьсан Тогтвортой
байдлын гэрээний талаар тайлбарлахыг хүсэв. Ж.Оджаргал захирал
тайлбарлахдаа “Ашигт малтмалын хуулийн дагуу 300 сая доллараас дээш
хөрөнгө оруулалт хийвэл 30 жил хүртэл хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ
үзэглэж болно гэсэн байдаг. Бидний гол хүсч байгаа зүйл нь одоо байгаа
татварын хэмжээ муудахгүй байгаасай гэсэн санаа юм. Бид маш их хөрөнгө
оруулаад бүтээн байгуулалт хийчихлээ. Энэ бүтээн байгуулалтыг эхлэхийн
тулд зориг гаргаж, их хэмжээний зээл авсан. Тиймээс цаашид үйл
ажиллагаагаа хэвийн явуулахад татварын орчин тогтвортой байгаасай гэж
хүссэн. Бусдаар татварын ямар нэг хөнгөлөлт эдэлье гэсэн хүсэлт байхгүй.
Мөн 70 жилээр гэрээ хийнэ гэсэн яриа ор үндэсгүй” гэлээ. Төрийн тэргүүн
“Манайхан гадаадын компани ороод ирэхээр хуулиа барьж гүйгээд, хөрөнгө
оруулалтын гэрээ хийгээд, татвараа хөнгөлөөд байдаг. Харин дотоодын аж
ахуйн нэгжүүд томоохон хөрөнгө оруулалт хийгээд ажиллая гэхээр тэдэндээ
үйлчилдэггүй ийм сонин орон байж болох уу” гэсэн хатуухан үгийг хамт явж
байгаа УИХ-н гишүүдэд хандан хэлсэн юм. Харин гишүүд өөрсдийгөө
өмгөөлсөн ямар нэг үг хэлсэнгүй.
Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хамгийн ихээр
тулгамддаг асуудал нь зам, тээврийн асуудал. Төмөр замаа л хурдан
баримаар байна гэдгийг компанийн удирдлагууд ам уралдан ярьж байсан.
Төмөр замын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд чиг
үүргийг нь өгчихсөн байхад юунд ингэж гараас гарсан юмгүй зууралдаад
байгааг Ерөнхийлөгч гайхаж байлаа. 

Оюутолгойн эрчим хүчний асуудлыг яаж шийдэх вэ?

Ерөнхийлөгч Оюутолгой төслийнхнөөс эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх
гэж байгааг асуухад: “20 мегаваттын цахилгаанаар барилгын ажлын
хэрэгцээг хангаж байгаа бөгөөд Хятадаас эрчим хүч авахаар төлөвлөөд
байгаа” гэв. Эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэнэ гэж гэрээ хийчихээд
яагаад заавал урд хөршөөс цахилгаан царайчлах гээд байгааг тодруулахад
Д.Зоригт сайд “Оюутолгойн гэрээнд тусгахдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
бүрэн эхэлснээс хойш 4 жилийн хугацаанд цахилгаан станц барьсан байх
ёстой гэж заасан байдаг. Одоо Засгийн газрын зүгээс Оюутолгойн цахилгаан
станцын ТЭЗҮ-г хүлээж байна. ТЭЗҮ нь ирсний дараа ажил хурдацтай
явагдана” гэв.
“Оюутолгой”-н Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон
Макрей хэлэхдээ: Эхний ээлжинд Хятадаас авах цахилгаан 300 мегаватт
байна. Монголдоо барих станц нь 450 мегаватт байх юм. Эндээсээ орон
нутагт цахилгаанаа нийлүүлэх юм гэлээ. Хятадаас эрчим хүч импортлох
талаар хэлэлцээр хийсэн бөгөөд хятадууд зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ
хийсэн тохиолдолд цахилгаан нийлүүлнэ гэсэн байр сууриа илэрхийлжээ.

“Оюутолгой” төслийн гэрээнд заасан
удирдлагын урамшуулал, нийгмийн хариуцлага, төслийн тендерийн ил тод
байдал гээд олон зүйлийн талаар Ерөнхийлөгч холбогдох албан
тушаалтнуудаас “байцаасан” юм. Удирдлагад өгч байгаа урамшуулал хэтэрхий
өндөр байгааг тэрээр дурдаад, энэ асуудлыг эргэж нэг харахыг ЭБЭХ-ний
сайдад үүрэг болгов.
 
Өмнөговьчууд “уушги нээв”

Говийн иргэд ууртай байна. Нэгдүгээр сарын 13-аас эхлэн Ханбогд,
Цогтцэций сумын иргэд Гашуунсухайт боомт руу хүрдэг нүүрсний шороон
замыг хаагаад байлаа. Уул уурхайн нөлөөгөөр амьдрах орчин нь доройтож,
малын бэлчээргүй болж байгаад дургүйцэн ийм үйлдэл хийжээ. Тиймээс ч
Цогтцэций, Ханбогд суман дээр Ерөнхийлөгчийн иргэдтэй уулзсан уулзалт
тун халуухан болсон. Нутгийн иргэд дотроо хуримтлагдсан бухимдлаа зад
татаж, жинхэнэ утгаар нь уушги нээв. Хэвлэл мэдээллээр түгэж байгаа
мэдээллийг харахад Цогтцэций, Ханбогд сум хөгжөөд байгаа юм шиг
ярьцгаадаг. Ачир дээрээ байдал бүүр эсрэгээрээ байна. Цогтцэций сумын
хувьд гэрэл цахилгаантай болсон, цэвэр усны асуудал шийгдэгдэж байгаа
гээд эерэг талууд гарсан боловч байгаль орчин сүйдэж байгаа нь юутай ч
харьцуулшгүй   гамшиг гэдгийг олон хүн хэлж байлаа.

21, 70 мянга хэрэггүй, ус л хэрэгтэй

Говийнхны, ер нь говь гэлтгүй хүн төрөлхтөний амьдралыг тэтгэгч эх булаг
бол яах аргагүй ус. Малчдын хэлж байгаагаар тэдний малаа усалдаг
худгуудын усны түвшин эрс доошилж эхэлжээ. Уул уурхайн олборлолт,
боловсруулалт дөнгөж эхэлж байгаа энэ үед худгийн усны түвшин доошилж
эхэлсэн нь сэтгэл зовоох асуудал яах аргагүй мөн. Нутагт нь хэрэгжиж
байгаа уул уурхайн төслүүд хамгийн багаар бодоход 20-30 жил хэрэгжинэ.
Одоо ховордож байгаа ус 20 жилийн дараа бүр алга болсон байх вий гэсэн
айдас иргэдийн сэтгэлд хургажээ. Иргэд 21, 70 мянган төгрөг биш, зөвхөн
уух устай л үлдээж өгөөч гэж аминчлан хэлж байсан. Ханбогдын иргэдийн
хэрэгцээний цэвэр усны нөөцийг хайх судалгаанд хөрөнгө мөнгө зарцуулж
байгаагаа төслийнхөн учирласан ч энэ тайлбар иргэдэд төдийлөн таатай
санагдаагүй нь илт байв.

Газрын гүний усыг ашиглахад өнгөн хөрсөн
дээр ямар ч муу нөлөө үзүүлэхгүй гэсэн Усны газрын даргын тайлбар
тэдний бухимдлыг бүр ч   дэврээсэн. Улаан нүүрээрээ тулаад усны асуудлыг
ярихаар болгоно, бүтээнэ, усыг ундруулна гэж хэлчихээд буцаад явахаараа
таг мартдаг төрийн төлөөлөл, компанийн удирдлагуудын нялуун үгэнд иргэд
хууртдаг цаг өнгөрсөн гэдгийг тэд хатуу сануулсан юм. Гүний усны
хайгуул хийнэ гэдгээс өөр тоймтой хариулт өгч чадахгүй байсан
компаниудын удирдлагууд гадаргын ус татах, бороо цасны усыг хуримтлуулах
гэх мэт гүний уснаас өөр усны эх үүсвэрийг ашиглах талаар ганц үг
ганхийгээгүйгээс харахад өмнөд говийн ирээдүй ангамал байх нь гарцаагүй
болох нь ээ гэсэн дүгнэлтэд хүргэсэн юм.

Төр засгийн төлөөлөгчид ч гадаргын усыг татах “Орхон говь” төслийн талаар нэг ч  үг дуугараагүй нь гайхмаар л санагдаж байлаа.
Саудын Арабд Улаан тэнгисээс ус татан Авха хэмээх уулыг давуулан хоолой
татаад цөлд цэвэршүүлэн хүргэж болж байхад шүүж, илүү зардал гаргах
шаардлагагүй цэвэрхэн голын голдрилыг бага зэрэг өөрчлөөд л усны
хуримтлал үүсгэж болох асуудлыг шийдэхгүй удаж байгаа нь гайхаш
төрүүлнэ. Арабын “Асир Сү Илетум” ус дамжуулах хоолойг барьсан өртөг нь
425 сая ам.доллар бөгөөд “Орхон говь” төслийг иймэрхүү өртгөөр
хэрэгжүүлэх боломж байна гэсэн судалгаа бий.

Ухаахудаг уурхайн усны хэрэгцээг хангадаг “Майга” уулын ус хуримтлуулах
усан сан дээр очиж газрын гүнээс татсан усаа хөрсөнд нэвчүүлэхгүй,
агаарт ууршуулахгүй хадгалж болдгийг нүдээр үзлээ. Газрын гадаргаас
татсан усаа ийм усан санд хуримтлуулаад, эргүүлж ашиглавал усны асуудал
дээр бас нэг гарц болох юм шиг санагдсан. Усыг үнэлэх аргагүй. Өнөөдөр
төсөв мөнгөө хэмнэх гээд газрын гүний ус руугаа “дайрч” байгаа нь дэндүү
хүнийрхүү сэтгэлтэйн илрэл мэт. Оюутолгойн олборлолт, боловсруулалт
эхлэх гээд “нохойн дуу ойртсон” ийм үед иргэдтэй харилцан ойлголцож
ажиллах нь хамгийн чухал шүү гэдгийг Ерөнхийлөгч төслийнхөнд зөвлөсөн.
Ханбогд суманд болсон уулзалтын үеэр “Оюутолгой” төслийн удирдлага сар
бүрийн 20-нд нутгийн иргэдтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлуудын
талаар хамтран ярилцаж, өмнөх асуудлыг хэрхэн шийдсэн талаараа мэдээлж
байхаар болсон юм.

 
Үргэлжлэлийг Мongolian Mining Journal  сэтгүүлийн №001  дугаараас  уншина уу.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж