
Хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа хамгийн гол шалтгаан нь улс төрийн хувирамтгай бодлого, шийдвэрүүд юм. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ, хууль эрхзүйн тогтолцооны найдваргүй байдал, газрын маргаан зэрэг нь Өмнөд Африкийн хөрөнгө оруулалтад багагүй саад тотгор учруулж буй ажээ. Харин ӨАБНУ-ын давуу тал нь ур чадвартай бэлэн ажиллах хүчин, дэд бүтцийн хөгжил, чанартай геологийн мэдээллийн сан болон төрөөс баримталдаг байгаль орчны хууль журам юм байна.
Уул уурхайн салбар ӨАБНУ-ын ДНБ-ий 9.6 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 3.1 хувийг эзэлж байна. 2010 онд экспортын 15.3 хувийг бүрдүүлжээ.
“Уурхайн эзэмшлийн талаарх үл ойлголцол, байнга шахам болдог ажил хаялтууд Өмнөд Африкийн уул уурхайн салбарт орж ирэх гэсэн хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлж байна” гэж тус хүрээлэнгийн судлаач, ноён Жонатан Сниман хэлсэн байна. Тэрээр нэмж хэлэхдээ “Хөрөнгө оруулагчид тогтвортой бодлого, журмыг хүсч байгаа. Дээрээс нь уурхайнуудыг улсын мэдэлд авах хэлэлцүүлгийн эргэн тойронд гарч буй зөрчилтэй хандлагууд тэдний түгшүүрийг улам дэвэргэж байна” гэжээ.
Үндэсний уул уурхайн хөдөлмөр эрхлэгчдийн байгууллагын Ерөнхийлөгч, ноён Сензени Зоквана 2011 оны арваннэгдүгээр сард бодлогын тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад хүнд цохилт өгч байна хэмээн мэдэгдэж байжээ.
www.mining.com-оос орчуулсан М.Билгүүн