Худалдааны алдагдал 1980 онд хамгийн сүүлчийн удаа болж байсан боловч 2011 оны дүнгээр Японы гадаад худалдаанд анх удаа алдагдал үүссэн талаар Засгийн газар мэдэгдсэн байна. Импортын давамгайлал 2.49 их наяд иен буюу 32 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа гэнэ. Импорт 12 хувиар өссөн байхад экспорт нь 2.7 хувиар буурчээ. Ийм хэмжээний алдагдлыг тус улсын Засгийн газар өнгөрсөн жил болсон газар хөдлөлт, цунамитай холбон тайлбарлаж байгаа юм. Байгалийн гамшиг Японы олон үйлдвэрт хөнөөл учруулаад зогсохгүй хангамжийн системийг хүртэл эвдэхэд хүргэсэн билээ. Үүнээс үүдэн "Toyota Motor" ба "Sony" гэх мэтийн экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
АНУ болон Европын тогтворгүй байдал хөрөнгө оруулалтад илүү аюул багатай иенийг сонирхоход хүргэсэн явдал нь эцэстээ Японы валютын үнэлгээ өсөхөд нөлөөлжээ. Энэ нь эцэстээ Японы экспортлогчдод хүнд цохилт болно гэдгийг мэргэжилтнүүд нэг бус удаа анхааруулж байсан юм.
Экспорт хумигдахын хэрээр импортын хэмжээ нэмэгдсэн бөгөөд үүнд эрчим хүчний нийлүүлэлт гол байрыг эзэлж байна. Газар хөдлөхөөс өмнө эрчим хүчний хэрэгцээний 30 хувийг цөмийн эрчим хүчний станцаар хангаж ирсэн юм. АНУ болон Европ нь санхүүгийн хүнд байдалд орсон байгаа бөгөөд энэ нь Японы гол зах зээл болж байлаа. Тиймээс гадаад худалдааны алдагдал цаашид ч гарах болно гэдгийг мэргэжилтнүд анхааруулж байгаа юм.