Iriver e100 – мультимедиа тоглуулагч

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Iriver e100 – мультимедиа тоглуулагч

Мултимедиа тоглуулагч буюу бидний mp3, mp4 тоглуулагч одоо бараг дуу хөгжим сонсох залуу хүн бүрт байдаг болжээ. Тэдгээрийн дийлэнх нь манай урд хөршөөс орж ирсэн байдаг. Ер нь тэгээд их марзан хийцтэй, чанар муутай байдаг шүү дээ. Харин энэ удаа танд Солонгост үйлдвэрлэгдсэн iRiver E100 8GB хэмээх нэгэн мултимедиа тоглуулагчийн тухай сонирхуулъя. iRiver E100 нь маш олон төрлийн функцүүдийг агуулсан мултимедиа тоглуулагч юм.

Дагалдах хэрэгслүүд

USB 2.0 залгуур, чихэвч, програмын CD, баталгааны хуудас, заавар.

Загвар

E100 энгийн бөгөөд их дэгжин, дэлгэц нь хэтэрхий цайвар биш, их цэвэрхэн харагддаг. Өнцөгнүүдийг нь бага зэрэг дугуй хэлбэртэй хийсэн нь их нүдэнд дулаахан болжээ. Гэсэн хэдий ч түүний их биеийг энгийн хуванцар материалаар хийсэн нь хүүхдийн тоглоом мэт сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ энэхүү хуванцар нь энгийн хуванцрыг бодвол илүү тэгш, гөлгөр, эдэлгээ удаантай, зурагдах болон хүний хурууны нөлөөгөөр элэгдэхээс хамгаалагдсан юм байна.

Харьцаа

iRiver E100-гийн харьцааг яг л 90 х 60 х 90 гэдэг шиг үнэхээр оновчтой хийжээ. Хэтэрхий том ч биш, жижиг ч биш 9,27 х 4,77 х 1,12 см

Дэлгэц

2.4 инч, 320 х 240 нягтралтай TFT QVGA дэлгэц нь өнгийг их тод, баялаг харагдуулж байна. Хэрвээ та видео үзэж байх үедээ Е100-г хэвтээгээр нь баривал видео автоматаар хэвтээ буюу landscape, харин босоогоор нь баривал босоо буюу portrait хэлбэрээр ажилладаг. Яг л дотроо тэгш устай адил нэг мэдрэгч төхөөрөмжтэй юм шиг байна.

Удирдлага

iRiver E100-г удирдахад маш хялбар. Учир нь товчлуурууд нь бусад мултимедиа тоглуулагчынхтай адилгүй болжээ. Голд байрлах “ОК” товч ба дэлгэцийн доод талын дөрвөн захад байх дөрвөн зүгийг заасан товч нь гаднах хуванцар гэрний дотуур байрладаг учраас танд дарахад маш эвтэйхэн байх болно.Бусад нэмэлт товчлуурууд, оролт гаралтын портууд нь Е100-н дөрвөн талд байрлана. Баруун хэсэгтээ унтрааж асаах товчлуур, микрофон, дууны чанга сул тохируулах товчлуур, зүүн талдаа reset товчлуур, дээд хэсэгтээ 4 GB хүртэл багтаамжтай карт унших чадвартай MicroSD карт уншигчтай. Жижиг USB 2.0 порт чихэвч болон Line-In оролтууд доод хэсэгт нь байрласан байна.

Багтаамж

Өөртөө 8 GB санах ойтой. MicroSD карт уншигч нь 4 GB хүртэл багтаамжтай картыг уншдаг гэж байгаа боловч 8 GB карт ямар ч асуудалгүй ажиллаж байсан.
User Interface (UI – програмын хэрэглэгчид харагдах байдал)

E100-ийн програмын хувьд үндсэн цэс нь хэвтээ слайд хэлбэртэй бөгөөд энэ нь Apple-ийн iTunes програм болон зарим iPod-нд ашигласан Cover Flow загвартай тун төстэй болжээ.

Компьютертэй холбогдох

Зарим мултимедиа тоглуулагч буюу бидний хэлж заншсанаар МП тоглуулагчийг компьютертэй холбоход заавал тусгай програм шаардлагатай болдог. Харин iRiver E100-г компьютертэй холбоход PC ч бай Mac ч бай ямар ч илүү програм шаардлагагүй шууд холбогддог. Яг л флэш диск шиг гэсэн үг шүү дээ. Та хүссэн видео, зураг дуунуудаа Copy, Paste гэсэн хоёрхон командын тусламжтайгаар л суулгачихна.

Дуу

MP3, WMA, ASF, OGG, FLAC гэх мэт энгийн дууны файлуудыг танихаас гадна Napster to Go, Rhapsody гэх мэт онлайн дэлгүүрээс татсан зохиогчийн эрхтэй дууг тоглуулж чадна.

Дууны гаралтын чанарын хувьд iRiver E100 үнэхээр гайхалтай болжээ.

Видео

Дүрсний гаралтын хувьд өнгөний ялгарал маш сайн, 2.4 инчийн том дэлгэц нь видеог үнэхээр дажгүй харагдуулах болно. Үүнээс гадна 32х хурдаар видеог гүйлгэх, зөвхөн тодорхой хэсгийг тоглуулах гэх мэт нэмэлт боломжуудтай юм байна.

Фото

iRiver E100 нь JPG, BMP, PNG зургийн файлуудыг таньж чадах бөгөөд тэдгээрийг нэг нэгээр нь үзэх, эсвэл үзүүлэн байдлаар гүйлгэж ч үзэх боломжтой. Мөн та компьютер ашиглалгүйгээр фото зургийг томруулах, эргүүлэх, устгах боломжтой.

FM радио

FM радиогийн хувьд бол бусад төхөөрөмжүүд дэх FM радиотой ерөнхийдөө адил тохиргоотой болжээ. FM радиогийн хүлээн авах чанар нь байрлалаас хамаарна.

FM болон хоолойны бичлэг хийх

FM радио болон микрофоны тусламжтайгаар бичсэн бичлэгийг маш өндөр чанартайгаар хадгалах боломжтой. Чанарын хувьд бичлэг хийх 3 сонголттой байна. Үүнд: Дээд зэргийн (192kbps), Дунд зэргийн (128kbps), Бага (96kbps). Гэхдээ 96kbps гэдэг тийм ч бага үзүүлэлт биш шүү дээ. Таны хийсэн бичлэгүүд Music -> Saved Recordings цэсэнд хадгалагддаг.

Стерео чанга яригч

Харин стерео чанга яригчын хувьд үнэндээ тийм ч сайн болж чадаагүй юм байна. Гэхдээ оргүй байснаас л дээр. Line-in оролтын тусламжтайгаар E100-ийн чанга яригчыг бусад төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой.

Текст уншигч

10 MB-аас бага хэмжээтэй текст файлыг унших боломжтой бөгөөд фонтын хэмжээг тохируулах, устгах бололцоотой.

Батерей

iRiver E100-ийн бусдаасаа ялгарах нэг гол давуу тал нь цэнэгээ барих хугацаа юм. Видео үзэж байгаа үед 5 цаг хүртэл, хөгжим сонсож байгаа үед 25 цаг хүртэл цэнэгээ барьдаг юм байна. Цэнэгээ барих хугацаанд дэлгэцийн гэрэлтэлт, дуу, видеоны чанараас шалтгаалж өөрчлөгднө. Харамсалтай нь батерейг солих боломжгүй байдаг юм байна.

Давуу тал

8GB хүртэл карт унших чадвартай Micro SD карт уншигч, 2.4 инчийн дэлгэц, хямд үнэ, Line-In оролт, Гадаад үзэмж дажгүй, цэнэгээ удаан барьдаг. Windows болон Mac ямар ч үйлдлийн системд таардаг.

Сул тал

Батерейг солих боломжгүй, зарим тохиолдолд голын товчлуурыг дарахад хүндрэлтэй байдаг. Дэлгэцийн гэрэлтэлт муу. MPEG4/XviD/WMV –ээс бусад бараг бүх видео файлыг заавал хөрвүүлж байж үзэх боломжтой болдог.

Дүгнэлт

E100 бол олон төрлийн функцтэй, дууны гаралтын чанар сайн, цэнэгээ удаан барьдаг сүүлийн үеийн дижитал тоглуулагч юм. Ихэнх хүмүүс дууны чанар, батерей, функцэд анхаарлаа хандуулдаг болохоор тэдний хувьд энэ бол боломжийн тоглуулагч. Харин батерейг солих боломжгүй, чанга яригчны чанар муу зэрэг дутагдлууд нь үүнийг төгс мултимедиа тоглуулагч байхад саад болж байна.

Эх сурвалж: http://www.kt.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж