Өршөөгдсөн П.Сумъяажав дахин хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Өршөөгдсөн П.Сумъяажав дахин хэрэг үйлджээ

Эгч, дүү 5-12 насны охидыг хүчирхийлж, нэгнийх нь амийг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн ч өршөөлийн хуулиар суллагдсан П.Сумъяажав дахин гэмт хэрэг үйлджээ. Түүний хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Түүний өмнө нь үйлдсэн хэргийн талаар эргэн сануулбал, П.Сумъяажав  нь шунахай сэдэлтээр 2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс  эд зүйл дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, 11 сая 400 мянган төгрөг, “Коника” маркийн гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдэх явцдаа таван настай Н-ийн хоолойг хэрчиж, амь насыг нь хөнөөжээ.  Тэрбээр энэ гэмт хэрэгтээ Д.Бямбадоржийг өдөөн түлхэж оролцуулсан байна.  Мөн 12 настай О-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амь насанд нь хүрэхийг завдаж, хүчирхийлэх гэмт хэрэг үйлджээ. Баянгол дүүргийн шүүх уг хэргийг 2010 оны аравдугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг хүний амь насыг хөнөөсөн, нэг хүний амь насыг хөнөөхийг завдсан гэм буруутай нь нотлогдсон хэмээн үзэж 15 жилийн хорих ял оногдуулсан байна. Нийслэлийн шүүх уг хэргийг 2010 оны 12 дугаар сарын 14-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4.1.5-д “ Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлсэн юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж