Гэтэл манай авто замын аюулгүй байдлыг хангадаг нэр бүхий байгууллагууд өнөөдрийг хүртэл төсвийн хэдэн төгрөгийг давс, элсэндээ зориулсан гээд тайлан тавиад сууж байхаас өөрөөр шинийг сэддэггүй нь харамсалтай. Цаашид ч энэ байдлаар ажиллаад байвал эхнээс нь татан буулгавал яасан юм бэ. Жишээ нь Нийслэлийн авто замын газар, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа хот тохижилтын газар гэж бий. Одоогоос нэг жилийн өмнөхөн дотроо нэлээн бужигнаантай байсан Хот тохижилтын газар ажилчдынхаа нийгмийн асуудлын тал дээр анхаарал тавьсан гэхээс өөр олигтой хийсэн ажилгүй сууна. Ганц хийсэн ажил нь гэвэл ажилчдынхаа тэр тусмаа зам цэвэрлэдэг үйлчлэгчдийнхээ цалинг 300 мянган төгрөгт хүргэсэн юм байх аа.
Ер нь зам юунаас болж мөстөөд байна вэ. Цас ороод түүнийг хайлуулах гэж давс цацсантай ч холбоотой байж болзошгүй юм. Мөн автомашины хөдөлгөөнөөс шалтгаалан цас дагтаршиж мөстөж байна гэж үздэг. Зам дээр мөстөлт бий болоход энэ байдал ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монгол бол бараг өдөр бүр цас орж байдаг орон биш. Эх газрын хуурай уур амьсгалтай орон. Энэ талаар ийм нэгэн баримт байх юм. Хотын замын мөс бол өөр зүйлээс үүдэлтэй аж. Энэ мөс бол машины яндангаас гарч байгаа уур, усны дуслын бөөгнөрлөөс үүсдэг. Үүнийг ажил хариуцсан бусад хүмүүс ч ажигласан байх. Манай хотын зам толботой ч юм шиг, санаатайгаар ус цацсан эсвэл ус цувуулаад асгасан юм уу гэмээр зүйл ажиглагддаг. Өвөл, намар, хаврын хүйтэн, сэрүүн үед автомашины яндангаас /конденсацийн улмаас/ гарч байгаа уур, ус замын гадаргуу дээр дусч тэр нь хатахгүй байсаар мөс болж байгаа дүр зураг юм. Энэ хэрээр хүмүүс замын хальтиргаа, гулгаанаас болоод ихээр бэртэж, гэмтэх болсон. Нийслэлийн харьяа газар, аж ахуйн нэгжүүдийг байгууллагынхаа ойр орчмын 50 метр газрын цас мөсийг нь арилгаж цэвэрлэх үүрэг хотоос өгөгдсөн. Үүний хэрэгжилт өнөөдөр ямар байгаа билээ. Авто зам гэлтгүй явган хүний зам ч мөстөж хальтиргаа гулгаанаас болж гэмтэж бэртэх хүний тоо нэмэгдсээр байна. Толийсон зам дээгүүр автобус олон автомашиныг ханаруулж мөргөсөн осол Улаанбаатарчуудад нэгийг бодогдуулав.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин.