
Тэд мөн сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгсөн юм. -Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулийн хүрээнд сайд нарыг дэвшүүлж оруулж ирсэн. Харин танай бүлэг шантаажлаад байгаа юм биш үү?
Л.Гантөмөр: -Ерөнхий сайдад асуудалд олон ургальч үзлээр хандах боломжууд бий. МАН-ын шийдвэр ганцхан үнэн байдаг гэдэг зарчмаасаа ухраачээ. Яахаараа МАН-ынх үнэн зөв, бусдынх нь санал буруу байдаг юм бэ. Одоо тэр Ерөнхийлөгчтэй холбоотой хийж байгаа гүтгэлэгт нэвтрүүлгүүд нь сонгуулийн ажлаа эхлүүлчихжээ гэж ойлгогдож байгаа. Сонгууль эхлэх болоогүй байна, үнийн хөөрөгдөл, өвөлжилтийн асуудал, батлагдсан төсвийг хэрхэн зарцуулах тухай асуудлын хүрээнд Засагт хийх ажил их байна. Энэ ажлаа хийх ёстой.
-Ерөнхий сайдыг Засгийн газрыг байгуулах хүсэл эрмэлзэлгүй байна гэж хэллээ. Ямар үндэслэлээр ийм мэдэгдэл хийгээд байна вэ?
Э.Бат-Үүл: -Үнэхээр Ерөнхий сайд МАН-ын дарга С.Батболдын үйл ажиллагааг харахаар Засгийн газраа байгуулах, Засгийн газраа ажиллуулах байдалд нэг их шамдахгүй байна. Үүнийг дөрвөн үндэслэлээр тайлбарлана. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар сайд нарыг томилохыг дэглэсэн байдаг. Сайдыг УИХ-аар хэлэлцэж томилохдоо нэгбүрчлэн хэлэлцэж батална гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэг сайдын томилгоог нөгөө сайдын томилгоотой барьцалдуулж болохгүй гэсэн үг. Үнэн хэрэг дээрээ дөрвөн ч сайдын асуудлыг байнгын хороогоор оруулаад шийдэгдчихсэн. Одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах бүрэн боломжтой. Цөөнхийн бүлгээс сайдаа томилохыг шаардаж байна. Гэтэл Тэргүүн шадар сайдын томилгоотой барьцалдуулаад байгаа байхгүй юу. Энэ чинь Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийг мэдсээр байж, УИХ-ын дэгийг мэдсээр байж ингэж муйхарлаад байгаа нь цаана нь Засгийн газар байгуулахаас өөр сонирхол байна гэж хардахаас аргагүйд хүргэж байна.
Хоёрдугаарт, явуулж байгаа үйл ажиллагааг нь харахаар үнийн хөөрөгдөл, савлагаанаас болсон нийгмийн бухимдлыг өөр тийш нь бултуулж анхаарал сарниулаад байна. Гуравдугаарт, Засгийн газрыг байгуулахаасаа илүүтэй сөрөг хүчнийг Ерөнхийлөгчийг дайрч давшлах маягаар ерөөсөө ирэх хавар болох сонгуулийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Түүндээ зориулсан суртлын ажил хийж байна. Дөрөвдүгээрт, энэ Засгийн газрыг байгуулахдаа сонгуулийн штаб болгох гэж байна. Үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн шадар сайдын албан тушаалд, дээрээс нь Төрийн нарийн бичгийн дарга нарыг улстөрийн албан тушаал руу шилжүүлж буй үйл явцыг бүхэлд нь харахаар сонгуульд зориулж байна, энэ Засгийн газрыг.
Төрийн албаныханд хандаж “Бидний төлөө ажиллах юм бол ийм урамшуулал шагналтай гэдгийг хэлж байгаа илэрхийлэл гэж ойлгохоос аргагүй байна. Эдгээр дөрвөн шалтгаанаас харахад Засгийн газрыг ажиллуулъя гэхээсээ илүүтэй улстөрийн сонирхол л байна.