Хонины мах Баян-Өлгийд хямд байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хонины мах Баян-Өлгийд хямд байна

Үндэсний статистикийн хорооны ээлжит мэдээнд дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар хонины махны үнэ гуравдугаар сарын дундаж үнээс 21.5-21.7 хувь, үхрийн махны үнэ 15.3-17.2 хувь, ямааны махны үнэ 32.2 хувь, адууны махны үнэ 13.1 хувиар өссөн дүнтэй  гарчээ.
Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 6-7 хувь, үхрийн махны үнэ 3.7-4.5 хувиар, адууны махны үнэ 1.9 хувиар тус тус өссөн бол ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна.
Нийслэлийн хүнсний зах дэлгүүрүүдэд нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4388 төгрөг, үхрийн мах /ястай/  4900 төгрөг, ямааны мах  3080 төгрөг, адууны мах  3550 төгрөг байна гэж статистикийн хороо мэдээлэв. Харин хонины цул мах  4650 төгрөг, үхрийн цул мах 5219 төгрөгийн үнэтэй байна.
Хөдөө орон нутагт  худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл аймагт 30-2000 төгрөгөөр өсч, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт 100-300 төгрөгөөр буурчээ. Харин бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өвөрхангай аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 6000 төгрөг байхад Баян-Өлгий аймагт хонины махны үнэ 3000 төгрөг байгаа нь хямд үнэ байна.
Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Архангай, Дорноговь, Завхан, Говьсүмбэр аймагт 150-500 төгрөгөөр буурсан бол Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 100-700 төгрөгөөр өссөн байна. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Төв аймагт 5500 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Говь-Алтай аймагт 2800 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж