“Нарантуул” ҮЭХ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Нарантуул” ҮЭХ байгууллаа

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдлагууд өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж буй иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, ажиллах орчны талаар ярилцлаа. Зөвхөн “Нарантуул” гэлтгүй зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй иргэд ажиллах нөхцөл хүнд, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдаж чаддаггүй тухай иргэд ярьж байв. Тиймээс МҮЭХ-ноос “Нарантуул” худалдааны төв дээр үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/ байгуулан, иргэдийн төлөө ажиллахаар болжээ.    

Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Ганц Нарантуул гэлтгүй бусад олон дүүрэг, аймгийн захуудын амьдрал, нийгмийн асуудал төрийн хамгаалалтаас гарчихсан байна. Үүнийг анхааръя. Одоогоор “Нарантуул” захын худалдаачдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл байгуулагдсан байгаа. Эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн даатгал, ирээдүйн нийгмийн даатгал хаана байна. Хамгийн наанадаж, “Нарантуул”-ын худалдаачид өндөр хүүтэй зээлтэй авч байна. Энэ бүхэн нь эргээд үнийн хөөрөгдөл болж, ард түмэн нуруундаа үүрч байна. Үүнийг төр засгийн анхааралд хандуулахаар МҮЭХ шалгалт хийж байна. Хоёрдугаарт: эдийн засгийг тогтвортой байлгахын төлөө Засгийн газар, улс төрчдийг татварынхаа мөнгөөр “тэжээдэг”. Эдийн засаг тогтворгүй байгаагаас улстөрийн бүлэглэлүүд хождог. Харин тогтворгүй байснаас болж, хохирдог нь зах дээр ажиллаж буй эдгээр иргэд, худалдан авалт хийж буй жирийн хөдөлмөрчин иргэд байдаг юм. Засгийн газар, УИХ-ын гишүүдээ ухаан орооч ээ. Одоо ухаарах цаг болсон гэдгийг улстөрчдөд ойлгуулах гэж МҮЭХ-ны удирдлагууд, гишүүд дэмжигчид хамтран, ээлжит ажлаа хийж байна” гэлээ.   

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж