Ахмадуудыг анхаарахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ахмадуудыг анхаарахыг шаардлаа

Нийслэлийн ахмадын хорооноос өнөөдөр сонгуулийн өмнө нам, хүчин, эрх баригчдын амлалтын биелэлтийг асууж, ахмадуудыг анхаарахыг шаардсан мэдээлэл хийлээ. Ахмадуудын зүгээс төр засагт хандан удаа дараа хүсэлт шаардлага хүргүүлсэн ч тодорхой шийдэл, бодит биелэлт хангалтгүй байгаа учир ийнхүү мэдээлэл хийж байгаа юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын талаар хэрэгжүүлэх ажлын гурван үндсэн чиглэл багтсан аж. Үүнд, ахмадуудын тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан эмнэлэг сувилал, мөн ахмадын ордон барих тухай гэнэ. Гэвч эдгээр ажлын биелэлт байхгүй гэдгийг шүүмжилснээс гадна тэтгэврийн зөрүүг арилгахыг хүсэв. 

Монголын ахмадын хорооны дарга М.Болд “Засгийн газрын эдгээр амлалтууд биелэхгүй байна. Тэтгэврийг 30 хувиар нэмснийг эс тооцвол. Одоо Монгол Улс эрдэс баялгаараа хахаж цацаад байна. Энэ бүх баялгийг энэ хэвээр нь хадгалж, хамгаалж ирсэн ахмадуудаасаа юугаа ч харамлах хэрэггүй” хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

Ахмадын хороо энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол өвлийн хүйтэнд жагсаал цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлж чадахгүй ч хаврын урь орж, дулаарахаар жагсахаа мэдэгдлээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж