МАН-ын байранд +40 хэм үү?!

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

МАН-ын байранд +40 хэм үү?!

Улс төрд зөвхөн хожил хийж, нэг нэгнээ давахаар улангассан сөргөлдөөн сонгууль дөхөх тусам улам эрчтэй гаарч, ухаан санаагаа алдсан мэт аашилцгаах болно гэдэг нь ойлгомжтой ч энэ удаад арай эрт эхэлж байна.

Ардчилсан нам Засгийн газраас гарах болсноор С.Батболдын танхимд сэлгээ хийх шаардлага, шалтгаан үүссэн нь үнэн ч үүний төлөө Ардчилсан намыг яллаж, амыг нь барихыг шаардана гэдэг хэтэрхий бохир улс төр болно. МАН-д Засгийн газраа дангаар бүрдүүлэх эрх нь байгаатай адил ямар хэм хэмжээний хүрээнд ямар зарчмаар тэрхүү эрхийг хэрэгжүүлэх вэ гэдэгт хязгаар тавих, хянах үүрэг нь Ардчилсан намд, түүнчлэн ардчилсан Ерөнхийлөгчид бий.

Сөрөг хүчнийхээ тавьж буй шаардлага, зарчмыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах эрмэлзэл бүхийгээ харуулсан бол МАН шинэчлэгдсэн гэдгээ нотолж чадах байлаа. Үүний оронд сөрөг хүчнийхээ байр суурийг зөвхөн улс төрийн бойкот гэж харж, хариу үйлдэл үзүүлж буй нь цөөнхийн хяналтын механизм, ардчиллын үнэт зарчмын нэгийг үгүйсгэж байгаа хэрэг юм. МАН хуучинсаг, ардчиллаас ухрагч болж харагдаад зогссонгүй харин өөрсдөө жинхэнэ утгаар улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа ил тод зарлалаа. Улс төрийн тоглоом нь хэрээс хэтрээд ардчилсан Ерөнхийлөгчийг огцруулах асуудал босгохдоо тулав. МАН Ерөнхийлөгчийг томилоогүй, ард түмэн эрхийг нь өгч сонгосон гэдгийг ойлгохгүй байгаа бололтой.

МАН-ын доторх бүлэглэлүүдийн тохиролцоогоор С.Батболдод “шахаа” болгож өгсөн сайдад горилогчид нь дэмжлэг авч чадахгүй байгаагийн төлөө Ерөнхийлөгчөөрөө оролдоно гэвэл хэн зөвшөөрөх юм бэ? Нэг үгээр бол МАН-д цөөнхөө сонсох, шийдвэрээ зөвшилцлийн замаар гаргах соёл, ёс суртахуун дутагдаж байгаагийн төлөө Ерөнхийлөгч хариуцлага хүлээх учиргүй.

Харин ард түмнээс мандат авсан Ерөнхийлөгчийг огцруулах тухай ярих хэмжээнд хүртлээ “тоглоом”-доо улайрсан Ардын намын цагаан байранд л халуурал +40 хэмд хүрчихээд байгаа юм биш үү? Тэсгим өвлийн хүйтэн -40 хэм, Тусгаар тогтнолын ордны халуурал +40 хэм. Ийм өндөр халуурал солиоролд хүргэдэг.

Улс төрийн солиорол сонгуулийн сезоноос хавьгүй эрт эхэлчихээр нийгэм тэр чигтээ ороо бусгаа болж, онгичуулсан шоргоолжны үүр шиг болж мэднэ. Улс орныг ийм зүйл рүү хөтлөх гээгүй л юм бол асуудлыг эрүүл ухаанаар харах эр зориг гаргаж, бохир улс төрөө өөрсдөөсөө эхэлж болих ёстой биш үү?

Н.Марал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж