“Дашваанжил” баталгаагүй баллон худалдаалсан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

“Дашваанжил” баталгаагүй баллон худалдаалсан байжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, шинэ хорооллын 14 дүгээр байрны долдугаар давхарт энэ сарын 21-ний өдөр газ дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан. Нөхцөл байдалтай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид газар дээр нь хоёр хоног ажиллаад иржээ. Ослын газарт хийсэн шалгалт, нөхцөл байдлын талаар Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг, Барилгын техникийн улсын байцаагч Д.Санжмятав нарын мэргэжлийн хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус байрны 26 тоотод суух айл “Дашваанжил” компаниас өөрсдөө очиж, таван литрийн баллонтой хоёр ширхэг хийн түлш худалдаж аваад нэгийг нь хэрэглэж, нөгөөг нь хадгалж байжээ. Тухайн өдөр хэрэглээгүй байсан таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсэн байна. Мэргэжлийн  хүмүүсийн анхан шатны шалгалтаар “Дашваанжил” ХХК дүрэм, журмаа ноцтой зөрчсөн болох нь тогтоогджээ.  Тухайлбал,  хийн баллоныг мэргэжлийн хүнээр өөрсдөө хүргэж өгөөгүй, хийн баллоныг орон сууцны хоёроос дээш давхарт байрлуулахыг хориглох журмыг зөрчсөн, дэлбэрсэн хийн баллон нь ашиглалтын хугацаа заасан бичиг, тэмдэглэгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Одоогийн байдлаар дэлбэрэлт болсон байранд хүн амьдрах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоожээ. Харин тэр байрыг бүхэлд нь нураах уу, эсвэл хэсэгчилж авч үлдэх үү гэдгийг дүгнэлт эцэслэн гарах үед шийдэх юм байна.

Барилгад  хийсэн шалгалтын талаар Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч  Ш.Уранчимэгээс тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байцаагчид ослын газарт үзлэг хийлээ. Ямар дүгнэлтэд хүрэв?

-Хамгаалалтын бүс, аюулгүйн бэхэлгээ тогтоосон. Үүний дараа үзлэг, шинжилгээ  хийх үед нурах  шинж тэмдэг илэрсэн  учир тулгуур хийхээс аргагүй болсон.  Тулгуур хийсний дараа нарийвчилсан үзлэгтээ орсон. Одоогийн байдлаар нурах үйл явц зогсссон, аюулгүй  байдал тогтворжсон байгаа. Анх очиход хавтан нурвал барилга тэр чигтээ нурах нөхцөл бүрдсэн  байсан. Одоо барилгад хүн амьдрах боломжтой эсэх асуудлыг ярих боломжгүй. Барилгын тухай хуулийн заалтыг зөрчсөн учир актлаад байна. Цаашдаа үзлэг шинжилгээ хийнэ, аль давхарт ямар цууралт үүссэн, аль хавтанг буулгах уу, алийг нь бэхлэх үү гэдэг асуудлыг шийднэ. Дэлбэрэлт хүчтэй байсныг тодорхойлох  нэг үзүүлэлт нь тухайн байрнаас 60 гаруй  метрийн зайд байрлах МЦХ компанийн байр цонхнууд хагарсан явдал харуулж байгаа.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Шинжилгээний эцсийн дүгнэлт гарсны дараа л  хохирлын хэмжээ тодорхой болно.

Харин “Дашваанжил” компанийн зүгээс иргэдийн буруугаас осол гарсан гэх байр суурь илэрхийлж байгаа. Энэ талаар ДБХГ-ын дарга Д.Жаргалаас тодрууллаа.

-Хийн баллон дэлбэрсэн шалтгааныг тайлбарлана уу?

-Газар дээр нь үзлэг, шалгалт хийхээр очиход хийн баллон задарсан байдалтай байсан. Одоогоор ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн ямар нөхцөл байдал үүссэний улмаас осол гарав гэдгийг шалгаж байгаа. Ер нь хийн баллон задрах хэд хэдэн шалтгаан, нөхцөл бий. Үүнд илүүдэл газ шахах, ашиглалтын шаардлага хангахгүй  буюу техникийн магадлал, баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд баллон задрах  нөхцөл үүсдэг. Монгол Улсад мөрдөгдөж буй Хийн хангамжийн тухай хуульд  орон сууцны хоёроос дээш давхарт хийн баллон байрлуулахыг хориглоно гэсэн заалт бий. Үүнд нэг талаас тухайн газыг худалдаалж буй газар  хориглосон газарт хийгээр хангахгүй байх үүрэгтэй. Нөгөө талаас хэрэглэгч аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөх шаардлагатай.

-Оршин суугчдын яриагаар нэг баллон  нь арай хөнгөн байсан гэдэг юм билээ?

-Энэ асуудлыг шалгасан. Нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн  байна гэдэг бол илүүдэл хий шахсантай холбоотой. Дарханд байх “Дашваанжил” компанийн бүх баллон, тухайн өдөр цэнэглэсэн баллонд шалгалт хийж, тэмдэглэлтэй нь танилцсан. Энэ үед илүү хий шахаагүй, нормын дагуу цэнэглэгдсэн байдаг юм билээ. Цэнэгтэй баллонуудыг жигнэж үзэхэд илүүдэл даралтаар цэнэглэсэн баллон гараагүй.

-Тухайн айлын худалдаж авсан хоёр баллоны хэрэглээгүй  байсан нь дэлбэрсэн гэдэг үнэн  үү?

-Хоёр баллон аваад, нэг баллоныг холбоод ашиглаж байсан. Нөгөөхийг нь нөөцийн байдлаар гэртээ байлгаж, хадгалж байсан юм билээ. Эхлээд задарсан  баллон нь ашиглаагүй  байсан баллон. Оршин суугчаас авсан цагдаагийн  байгууллагын мэдүүлэг тайлбарт задарсан баллон нь халуун орчинд ойрхон байгаагүй. Хийн баллон, тоног төхөөрөмжийг халуун газраас доод тал нь нэг метр, ил галаас таван метр зайд байрлуулах ёстой.

-“Дашваанжил” компанийнхан өөрсдөө хүргэж өгөөгүй юм билээ. Хэрэглэгч  ямар нэг байдлаар аюулгүй ажиллагааных нь горимыг алдагдуулсан байж болох уу?

-Хий хангамжийн компаниуд хүргэж өгөх үйлчилгээ явуулдаг. Үүний давуу тал нь аюулгүй ажиллагааг хангахад чухал нөлөөтэй. Тухайн хэрэглэгч “Дашваанжил” компанийн борлуулах цэгээс өөрөө очиж худалдаж авсан  байгаа.

-Хийн баллонд баталгаат хугацаа байх ёстой биз дээ. Задарсан баллонд баталгаат хугацаа байсан уу?

-Тухайн хоёр баллоныг “Дашваанжил” компаниас авсан болох нь тодорхой байгаа. Хоёр баллоны нэг нь 2018 он хүртэл хүчинтэй. Харин задарсан баллон нь техникийн магадлал баталгаажаагүй, хэзээ үйлдвэрлэсэн болох нь тодорхойгүй. Задарсан баллон их бие хэсгээрээ 20-25 см урттай задрал үүссэн, тэр баллоныг ашиглаагүй лацтайгаа  байсан  нь үзлэгээр тогтоогдсон. Үүнээс  холбох хэрэгслүүд нь ашиглалтын шаардлага хангахгүй  байсан. Тодруулбал, холбох хэрэгслийг цахилгааны лентээр ороосон, даралтын тохиргоог  зориулалтын бусаар хийсэн байсныг тогтоолоо.

Монгол Улсын хэмжээнд долоон аж ахуй нэгж  шингэрүүлсэн шатдаг хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.  “Дашваанжил” компанийн хувьд хэрэглэгчдэд хийтэй баллон олгохдоо  баталгаат хугацааг хянаж, хэрэглэгчийн дэвтэрт баллоны дугаар, сольсон хугацаа  зэргийг бичиж тэмдэглээгүй, тус компанийн Дархан-Уул аймаг дахь салбарын ажилчдыг хийн аж ахуйн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэгийн сургалтад хамруулаагүй, хий цэнэглэх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станцын хий хадгалах даралтат савны техник ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцагчийн тушаалаар томилоогүй зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс тус компани  Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хийн хангамжийн тухай хууль, Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм, Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж