Хөлгийн ахмад алдаагаа хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Хөлгийн ахмад алдаагаа хүлээн зөвшөөрөв

Италийн эрэгт сүйрсэн “Costa Concordia” хөлөг онгоцны ахмад Франческо Шкетино Гиглио арлын орчимд хөлөг онгоц чулуу мөргөсөнд өөрийгөө буруутай хэмээн мэдэгджээ. Гэхдээ ослын дараахан тэрбээр найзтайгаа утсаар ярьж байхдаа менежерүүд өөрийг нь чулуу ихтэй газар руу явахыг шаардсан хэмээн хэлсэн аж.

Шкетино 126 хуудас мэдүүлэгтээ “Би хэсэг чулуу очиж мөргөхөд хөлгийн дор гацчих шиг болсон, энэ миний алдаа байсан. Би одоо юу гэж хэлэх ч билээ. Ямар нэгэн асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байсан” хэмээжээ. Харин хөлгийн хурдны тухайд тэрбээр “Зааж, тогтоосон хурдны заалт байхгүй, Зорьсон газартаа /Савонад/ цагтаа хүрэхийн тулд тийм хурдтай явж байсан” хэмээн мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 14-нд баривчлагдсан ахмад прокурорын өрөөнөөс найз руугаа утсаар ярьсан гэнэ. Албаны хүмүүс түүний яриаг чагнажээ. Тэрбээр “Миний оронд хэн нэгэн байсан бол над шиг өгөөмөр зан гарган менежерүүдийн үгэнд орж, тэдний хүссэн газар руу явахгүй байсан юм. Тэд намайг уурлуулсан. Ийшээ ч яв, тийшээ ч яв гээд. Гүехэн устай байсныг манай төхөөрөмж илрүүлээгүй учир би шууд л тэр чигтээ явчихсан. Менежерүүдийн төлөө шүү дээ” хэмээн ярьсан байна.

Прокурорууд хөлөг онгоцны хар хайрцгийг хураан авсан байгаа тул “Costa” одоогоор бие даасан мөрдлөг хийх боломжгүй байгаа аж. Прокуроруудын мэдэгдсэнээр хар хайрцаг бага зэрэг алдаатай байгаа боловч ажиллаж байгаа аж. 

Шкентино өөрийн хөлгийг тэр даруй орхихгүй гэсэн шийдвэрээ хамгаалжээ. “Шууд л бүгдээрээ энэ хөлгөөс гарцгаая гээд шийдчихэж болохгүй шүү дээ. Надад бодох зүйл их байсан “Эдгээр хүмүүсийг хаашаа явуулах вэ, Хөлөг онгоц живэх нь баталгаатай юу…” гээд л. 4000 хүний амь нас бол тоглоом биш шүү дээ” хэмээсэн байна. Түүний ярьснаар тэрээр зорчигчдыг аврах завин дээр суухад тусалж байсан бөгөөд хөлгийн тэнцвэргүй байдлаас болон зарим завь нь гацсан байна. Гацаасыг гаргаж байх үедээ гэнэт ахмад өөрөө завин дээр байгаагаа мэдсэн гэнэ. Би завин дээр зүгээр л уначихсан юм хэмээн тайлбарласан байна. Гэвч тэр найзтайгаа утсаар ярихдаа  “Хөлөг далийж байгааг мэдмэгцээ буухаар шийдсэн. Би ихэнх зорчигчдыг аварч чадсандаа баяртай байна. Би далайгаар явж усанд унасан хүмүүсийг аварсан. Одоо амар амгалан байгаа ч дахиж хэзээ ч хөлөг онгоцон дээр гарахыг хүсэхгүй байна” гэжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж