Ерөнхийлөгчид уурсав уу, хэвлэлийнхэнд хорсов уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид уурсав уу, хэвлэлийнхэнд хорсов уу?

Засгийн газрын гишүүнээр заавал ч үгүй
томилуулахаар зүтгүүлж буй нэр дэвшигчдээ МАН эргэн харахыг хүсэхгүй
зөрүүдэлж байна. Зөвхөн С.Батболдын танхим, эсвэл компанид нь ажилд орох
гэж байгаа биш ард түмний өмнө хариуцлага хүлээх төрийн өндөр албанд
тохоогдох хүмүүс учир олон нийт, сөрөг хүчин аль аль нь үүнд цензуртэй
хандах нь зүй ёсны хэрэг. Гэвч МАН үүнийг тэвчихгүй байна.

Хяналтын тэрхүү механизм ажиллаж эхэлснээр сайдад нэр дэвшигчдийн зэс нь
улам бүр цухуйж, Засгийн газраа “нөхөж” буй С.Батболдын зарчим, жишиг
гажуудалтай юм гэдэг нь олон нийтэд ойлгомжтой болчихоод байна. Олон
нийт болон сөрөг хүчин, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс
илэрхийлж буй байр суурь, МАН-ын нэр дэвшигчдэд шалгуур болгосон зарчмыг
үл тоомсорлон мугуйдлах МАН эцэс сүүлдээ өөрийнхээ зэсийг цухуйлгаж
эхэллээ.

МАН нэрээ сольсноос биш үнэт зүйл, үзэл баримтлал, арга барилдаа дэвшил
хийгээгүйгээ нотолж хэвлэл мэдээлэл, олон нийт, сөрөг хүчний хяналтын
механизмд бухимдаж байгаагаа ил тод илэрхийлэв. Засгийн газрын
томилгооноос үүдсэн зөвшилцлийн үйл явц олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл, сэтгүүлчдийн нүдний өмнө ил тод өрнөж байгаад С.Батболд дарга
нь уурсч, Ерөнхийлөгчийг юм болгонд сэтгүүлч дуудлаа хэмээн загнажээ.
Сонгуулиар ард түмнээс эрх авч, төрийн тэргүүний алба хашиж буй
Ерөнхийлөгч үйл ажиллагаа, үг мэдэгдэл бүрийнхээ үр дагавар, хариуцлагыг
сонгогчдынхоо өмнө хүлээх учиртай. Энэ үүднээс үйл ажиллагаа, тэр
тусмаа улс төрийн алхмаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд ил тод, ойлгомжтой
байлгахыг эрхэмлэж байгаа ардчилсан Ерөнхийлөгчид Ардын нам яагаад
бухимдах ёстой гэж?!

Ардын нам Ц.Элбэгдоржид бухимдаад байна уу, хэвлэлээр дамжуулан
хэрэгжүүлдэг олон нийтийн хяналтын засаглалд хорсоод байна уу?
Хяналтгүй, шүүмжлэлгүй, эсэргүүцэлгүйгээр төрийн эрхээр дарангуйлж ирсэн
МАХН-аас удамшсан тэдний оюун санаа, ёс зүйн гажуудал ийнхүү
С.Батболдоор дамжин илэрч байна гэвэл үнэнд ойртоно байх. Тэгвэл олны
хяналт, нүднээс далд эрх мэдэл бүхий хэдхэн хүний хүрээнд төрийн ажил,
асуудлыг шийдэж болохгүй. Энэ бол бидний зорьж яваа ардчилсан нийгмийн
зарчим, хэм хэмжээ биш.

Хоёр талыг зөвшилцөл, ойлголцолд хүргэдэг механизм, арга хэрэгсэл нь
мөнгө, эсвэл албан тушаалын өгөө аваа байж болохгүй. Хоёр талыг
ойлголцол, зөвшилцөлд хүргэх механизм, хэрэгсэл нь зөв зарчим, шударга
ёс, хууль байх ёстой. Зургаан сайдын асуудал дээр Ерөнхийлөгчийн болон
сөрөг хүчний зүгээс баримталж байгаа үндэслэл, шаардаж буй зарчмыг эрүүл
ухаанаар харах, шүүмжлэлийг хүлээж авах чадвар “шинэчлэгдсэн” МАН-ын
удирдлагуудад байгаа гэж найдъя. Хорин жилд ардчиллын мэдрэмж суусан ард
түмэн төрд тавих хяналтаа хэнээр хэрхэн дамжуулж хэрэгжүүлэхээ мэддэг
болсон цаг үе шүү.

Н.Шинэмарал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж