Монгол яагаад “ухрав”?

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Монгол яагаад “ухрав”?

Монгол орон ухарчээ. Эрдэс баялаг, уур уурхайн салбарт давшингуй урагшилж яваа улс маань ардчилсан нийгмийн тулгуур үзүүлэлтүүдийн нэг болсон хэвлэлийн эрх чөлөөгөөрөө харамсмаар олон алхам ухарсан байна. Өмнөх жагсаалтад 76-д бичигдэж байсан Монгол орон даруй 24 байраар ухран 100-д орж ирэв. Ийнхүү үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Монгол хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 100-д эрэмбэлэгдэж ойн “бэлэг” барив. Урагшилсан бол таатай бэлэг байх байлаа. Ухарсан болохоор жаахан ичгүүртэй л юм.

Бид яагаад ухарсан юм бол оо? “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагын үндсэн илтгэлд өгүүлснээр сэтгүүлчдийг хууль бусаар барьж, хорих үзэгдэл газар авах хандлагатай болсон тул ардчиллын хорин жилд олж авсан багахан амжилтаа гарын салаагаар урсган алдсан ажээ. 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2011 оны арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааны хэвлэл, мэдээллийн салбарын амьдралыг мэдээлэл олж авах эрх чөлөө, төрөөс хэвлэлд хандаж буй хандлага, цахим сэтгүүл зүйн орчин, сэтгүүл зүй дэх цензур зэрэг нарийвчилсан 44 үзүүлэлтээр шалгаруулсан энэ удаагийн жагсаалтыг тэргүүлсэн Финлянд, Норвеги улсуудын ерөнхий оноо -10 байхад 100-д жагссан манай орных +35 байна. Харин сүүл мушгисан Хятад, Умард Солонгос +136, +141 оноотой харагдана.

Энэ удаагийн илтгэлд онцгойлон Азийн тухай өгүүлжээ. Хэвлэл мэдээлэл дэх хүчирхийлэл, цензур Азид тун хүчтэй, тэр ч байтугай улам газар авч, улмаар ужигран хаалттай ертөнцийг буй болгох аюул өндөр байгааг зориудаар тэмдэглэв. Ялангуяа Афганистан, Пакистанд сэтгүүлчид Талибын аймшигт дарангуйлал дор мөнхийн түгшүүртэй ажилладаг. Өнгөрсөн онд Пакистанд 10  сэтгүүлч амиа алдсанаар хамгийн айдастай орон боллоо. Ийм түгшүүр Филиппин, Индонезид дутах юмгүй өндөр.

Дэлхийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа өөр нэг орон бол Хятад. Мэдээллийн салбар дахь дарангуйлал өнөөдөр хэр нь энд хүчтэй хэвээр. Өнгөрсөн онд сэтгүүл зүйн салбарт, нэн ялангуяа цахим сэтгүүл зүй, тэр дундаа блогийн ертөнцөд тавих хараа хяналт, цензурээ улам чангатгасан тул энэ орон хэвлэлийн эрх чөлөө тун аюултай байдалд байгаа бүсэд багтлаа. Төвд, Өвөр Монголд сэтгүүлчдийн тэмцлийг эрх баригчид нухчин дарсан явдлууд энэ тодотголд том түлхэц болсон байна. Бээжин, Шанхайд ажиллаж байгаа гадаадын сэтгүүлчдэд орон нутгийн эрх баригчдаас ирэх дарамт шахалт ч дутахааргүй нөлөө үзүүлсэн нь лавтай.

Жагсаалтад хамгийн огцом ухралтыг хийсэн орон бол Африкийн Малави улс. Дарангуйлагч удирдагчийнхаа харгис бодлогын улмаас энэ орон 67-оор ухран 146-д жагслаа. 

Африкийн орнуудтай өөрсдийгөө жишин, тайвшрах нь мулгуу хэрэг. Тэд биднээс том ухарсан нь тайвшрах шалтгаан биш. Эрх чөлөө хэмээх гайхамшигтай үнэт зүйлийг сөөм сөөмөөр олж авчихаад алхам алхмаар алдах нь туйлаас харамсалтай. Ухрах уу, урагшлах уу?

Б.ЦАЦРАЛ
ArtLar House
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж