Өндөр технологийг хөгжүүлэх хөтөлбөр баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Өндөр технологийг хөгжүүлэх хөтөлбөр баталлаа

Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулжээ.

2010 оны байдлаар Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 83.22 хувь нь технологийн багтаамжгүй, 15.12 хувь нь нам технологит, 0.02 хувь нь өндөр технологит бүтээгдэхүүн тус тус эзэлсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын эдийн засаг уул уурхай, мал аж ахуйн түүхий эдийн нийлүүлэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтээс хараат, эмзэг тогтворгүй байдалтай байгаа юм.

Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь урт хугацаанд Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах тулгуур хүчин зүйл болох учиртай. Ийнхүү дунд хугацаанд биотехнологи, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлснээр хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн баялагийн нөөц, боломжинд тулгуурласан эмийн болон биологийн идэвхт бодис, гадаадын өндөр технологийн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн сэлбэг эд, анги, програм хангамжийг үйлдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүнийг бий болгож манай улсын эдийн засгийн өсөлтийг бодитой нэмэгдүүлэх бололцоотой юм.

“Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн технологийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүйн болон зохицуулалтын таатай орчин бүрдэнэ. Мөн санхүүжилт, хөрөнгө оруулалтын зохистой бүтцийг бий болгох замаар дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх өндөр технологийн аж үйлдвэрийн оролцоо, хувь хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн төрөлжилт бий болж, тогтвортой хөгжлийн тулгуур суурь тавигдах ач холбогдолтой.

Я.Содон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж